Азербайжан, Армени улс хоорондын цэргийн мөргөлдөөн болж байна

Армени-Азербайжаны хил дээр дахин зэвсэгт мөргөлдөөн болж, хоёр орны цэргийнхэн харилцан хатуу мэдэгдэл хийж байна. Өдөөн хатгалга үйлдлээ хэмээн талууд бие биеэ зэмлэж, цохилт өгч болох тодорхой цэгүүдийг ч нэрлэсэн байна. Оросын гадаад бодлогын байгууллага харилцан хүлээцтэй байж, яриа хэлэлцээ хийхийг хоёр талд уриалсан аж.

 



Энэ мөргөлдөөнд амь үрэгдсэн болон шархадсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ажээ. Уулын Карабахын эргэн тойрны хэрэг явдлаас болоод Орос улс Өвөр Кавказын энэ хоёр улсыг эвлэрүүлэх гэж нэг бус удаа оролдож байсан юм. Одоо өөр нутагт байлдааны ажиллагаа болж байгаа ч Оросын дипломатчид хоёр талтай байнга холбоо барьж байгаа ажээ.

 


“Оросын гадаад хэргийн яам, батлан хамгаалах яам байдлыг цаашид улам дордохоос сэрэмжилж, хэвийн болгох зорилгоор Азербайжан, Армений талтай ажиллаж байна” гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлсэн байна.

 

Гэвч Өвөр Кавказаас ирж буй албан ёсны мэдээгээр байдал сайжраагүй байгаа аж. Тодруулбал "Азербайжан улс Ереван хотоос 40 км-т орших Мецаморын атомын цахилгаан станцад пуужингаар цохилт өгнө. Харин Армений тал Азербайжаны Мингечаурын усан сан руу гал нээнэ" хэмээн мэдэгдэж байгаа аж. Эдгээр нь хоёр орны дэд бүтцийн маш чухал байгууламжууд юм.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ