“Мөнхийн Канцлер” Ангела Меркель

1954 оны энэ өдөр Германы канцлер Ангела Меркель мэндэлжээ. Германы Канцлераар дөрөв дэхь удаагаа сонгогдож чадсан Ангела Меркель “Мөнхийн Канцлер” хэмээх алдрыг хүртсэн удирдагч. Маргарет Тетчерийн дараагийн “төмөр хатагтай” гэгддэг Меркель дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй төдийгүй, түүний “эмэгтэй” гэдгээс үл шалтгаалан дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчийн эгнээнд зүй ёсоор багтдаг нэгэн юм.


Ангела Меркелийн улс төрийн амьдралын замнал 1990-ээд оноос эхэлсэн юм. 1989 онд Берлиний хана нурснаар Меркель улс төрийн ертөнцөд хөл тавих боломж олдсон гэж хэлэхэд болно. Германыг тусгаарласан хана нурсантай холбоотойгоор түүний ажиллаж байсан ШУА татан буугдаж, улмаар Меркель Зүүн Германы Шинэ ардчилсан намд элсч, улс төрд эргэлт буцалтгүй орсон юм.


Эгэл физикчийн амьдралаа олны анхаарал, шүүмжлэл, толгой эргүүлэм асуудлын дунд өнгөрөөдөг улстөрчийн амьдралаар сольсон Ангела Меркелийн амьдрал, анхны хэмээх тодотголоор дүүрэн. 2000 оны дөрөвдүгээр сард Христосын Ардчилсан Холбооны удирдлагад намын гишүүдийн 96 хувийн саналаар намын даргаар сонгогдон,  Германы намын анхны эмэгтэй удирдагч хэмээх цолыг хүртсэн.


2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид Германы шинэ Канцлер хатагтайг алга нижигнүүлэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Ангела Меркель Германы анхны эмэгтэй Канцлер болоод зогсохгүй Зүүн Германаас сонгогдсон анхны хүн болсон юм. 2005 оноос хойш өдийг хүртэл 15 жил Германыг удирдан авч явсан түүнийг “Мөнхийн канцлер” хэмээн нэрлэх нь бий. Германы Канцлерын албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд ямар нэг хязгаарлалтгүй байдаг бөгөөд нэг хүн хэдэн ч удаа улиран сонгогдож болдгоороо тус улсын хуулийн онцлог юм. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ