COVID-19: Бразилд халдварын тохиолдол 2 саяд хүрлээ
Бразил улсад пүрэв гарагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол хоёр саяын босгыг давлаа.
Ердөө 27 хоногийн өмнө тус улсад нэг сая дахь халдварын тохиолдол бүртгэгдэж байжээ.
Сүүлийн үед Бразилд өдөрт 40,000 орчим халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Харьцуулбал халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д нэг сая дахь тохиолдлоос хоёр саяд хүрэхэд 43 хоног зарцуулж байжээ.
Өчигдрийн байдлаар Бразилд нийт 2,021,151 халдварын тохиолдол бүртгэгдэж, 76,688 хүн нас бараад байгаа нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох муу үзүүлэлт юм. Бразил бол Латин Америкийн хамгийн том улс бөгөөд 210 сая хүн амтай. АНУ-ын хүн амын гуравны хоёр орчимтой тэнцдэг.
Тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон юм. Гэсэн ч тэрээр цар тахлын аюулыг үл ойшоож, бүс нутгийн удирдагчдад хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа идэвхжүүлэх шахалт үзүүлсээр байна.
Төв засгийн газрын шахалтаар зарим мужийн захирагч нар дэглэмээ сулруулснаар халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхлээд байгаа. Болсонаругийн коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцэлд бразилчууд сэтгэл дундуур байна. Өнгөрсөн сард Datafolha байгууллагын явуулсан судалгаагаар Бразилын иргэдийн 44 хувь нь засгийн газраа муу ажиллаж байна гэж дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ