Коронавирусийн эсрэг вакцины туршилтад хамрагдсан сайн дурынхан эмнэлгээс гарчээ
Коронавирусийн эсрэг вакцины тарилга хийлгэсэн эхний хэсэг сайн дурынхан тусгаарлалтад байсан эмнэлгүүдээс долоодугаар сарын 15-нд гарсан байна. Оросын Батлан хамгаалах яамтай хамтран Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн хийсэн бэлдмэлийн туршилт ямар ч хүндрэлгүйгээр маш богино хугацаанд амжилттай болж байгаа ажээ.
Түүнчлэн тус орны эрдэм шинжилгээний тэргүүлэх төвүүд 26 төрлийн вакцин хийхээр ажиллаж байна. Тухайлбал, Новосибирскийн эрдэмтдийн баг эрдэм шинжилгээний бас нэгэн амжилтад хүрч, вирусийг саармагжуулах чадвартай эсрэг биет гарган авчээ. Энэ нь COVID-19-ийг эмчлэх төдийгүй, түүнээс урьдчилан сэргийлэх аж.
Туршилтад оролцсон хүмүүст 100 мянган рублийн урамшуулал олгох ажээ. Сайн дурынхан зургаан долоо хоног тусгаарлалтад байсан байна. "Вакцин тариулсны дараа толгой өвдөж, дараа өдөр нь халуурсан ч түргэн зуур намдсан" гэж туршилтад оролцогчдын нэг Георгий Смирнов ярьжээ. Эхлээд хоёр өдөр 38 градус хүрч халуурсан ч парацетамолд амархан дарагдсан гэж туршилтад оролцсон Анна Куткина бас ярьсан байна. Ямар ч дагалдах сөрөг нөлөө илрээгүй гэж туршилтад оролцсон Наталья Агеева дурдаад "надад дууриамал биш, жинхэнэ вакцин л хийсэн байгаа даа" хэмээн ярьжээ.
РИА Новости агентлаг «Р-Фарм» заводын хэвлэлийн албаны мэдэгдлийг иш татахдаа, COVID-19-ийн эсрэг эх орны үйлдвэрийн «Коронавир» бэлдмэлийг тус орны эмнэлгүүдэд явуулсныг мэдээлсэн байна. «Коронавир» нь COVID-19-ийн эсрэг Оросын гурав дахь бэлдмэл болжээ.
«Коронавир» бэлдмэлийг коронавируст халдварын хөнгөн болон дунд зэргийн хүнд хэлбэрийг эмчлэхэд хэрэглэх аж. Бэлдмэлийг эмнэлгийн нөхцөлд л хэрэглэж болох гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ