ДЭМБ-аас коронавирус тархаж буй дөрвөн хувилбарыг нэрлэв
Дэлхийд коронавирусийн халдвар тархаж байгаа дөрвөн хувилбар байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдээлэл хийхдээ ингэж мэдэгдсэнийг хэвлэлд бичжээ.
Эхний хувилбар нь түүний хэлснээр, коронавирус дэгдсэн тухай сэрэмжлүүлэг, мэдээлэл авсан орнуудад харагдсан байна. “Эдгээр оронд халдварын эхний тохиолдол гарах үед л бэлэн байж түргэн зуур, үр дүнтэй ажилласан юм. Ингэснээр эдгээр орнууд томхон дэгдэлт гарахаас зайлсхийж чадлаа” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ. Энэ нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Карибын тэнгисийн сав газар, Африкийн хэд хэдэн орон юм гэж Гебрейесус дурджээ.
"Хоёр дахь хувилбар Европын олон оронд бүртгэгдсэн бөгөөд өргөн цараатай дэгдэлт болж, вирус тархахаас сэргийлэх арга хэмжээг мөрдсөн иргэд, хүчтэй удирдлагын хүчээр дэгдэлтийг хяналтдаа авсан юм" гэж ДЭМБ-ын тэргүүн тэмдэглэсэн байна. Эдгээр орнууд томхон дэгдэлтийг ч хяналтдаа авч болдогийг нотоллоо гэж тэрээр онцлон дурджээ.
COVID-19-ийн дэгдэлтийн эхний оргил цэгийг давж гарсан ч хязгаарлалтын арга хэмжээг сулруулснаар шинэ дэгдэлттэй тэмцэж буй орнуудад гурав дахь хувилбар ажиглагдаж байна.
Халдвар эрчимтэй тархах үе шат ажиглагдаж байгаа орнуудад дөрөв дэх хувилбар илэрч байна. “Энэ нь Хойд болон Өмнөд Америк, Өмнөд Ази болон Африкийн зарим оронд ажиглагдаж байгаа юм” гэж тэрээр тодруулан тайлбарлажээ. Хойд болон Өмнөд Америк вирусийн голомт хэвээр байгаа бөгөөд энд бүх тохиолдлын 50 гаруй хувь илэрсэн юм гэж хэлсэн байна.
"Дэлхий ертөнц коронавирусийн цар тахлын эхэн үед ирээд байна" гэж АНУ-д COVID-19-тэй тэмцэх ажлын хэсгийн тэргүүлэх шинжээч Энтони Фаучи мэдэгдсэн юм. Цар тахал сулрахын өмнө улам ширүүснэ гэж тэрээр таамаглаж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ