УРУГВАЙ-90 - АНХНЫ ДАШТ
Одоогоос 90 жилийн тэртээ хөлбөмбөгийн анхны ДАШТ зохиогджээ.
Анх XIX зууны төгсгөлөөр Англид үүссэн хөлбөмбөг хэмээх тоглоом богинохон хугацаанд олон оронд эрчимтэй түгэн дэлгэрсээр өнгөрсөн зууны 20-иод он гэхэд дэлхий нийтийн спорт болж чаджээ. Энэ ч утгаараа хаанахын хөлбөмбөгчид шилдэг нь вэ гэдэг маргааныг тайлах томоохон уралдаан тэмцээн узохиох зайлшгүй шаардлага гарч ирсэн юм. Хэдийгээр олимпийн наадмын хөтөлбөрт хөлбөмбөг багтдаг байсан ч, Пьер де Кубертений “Түрүүлэхдээ бус оролцохдоо” хэмээх урианы дагуу сонирхогчид л өрсөлддөг байв. Ингээд FIFA-гийн (Дэлхийн хөлбөмбөгийн холбооны) гурав дахь ерөнхийлөгч, Францын иргэн Жюль Римегийн санаачлагаар Дэлхийн цом булаалдах анхны тэмцээнийг зохиохоор шийдвэрлэж, 1929 онд Барселонд болсон ких хурлаар Уругвайд энэ эрхийг өгчээ. Тэдэнтэй Унгар, Итали, Швед, Голланд, Испани улсууд өрсөлдсөн ч, Өмнөд Америкийн энэхүү жижигхэн орны тусгаар тогтнолынх нь 100 жилийн ой тохиож буйг харгалзан, 1924, 1928 оны олимпид түрүүлсэн амжилтыг гол болгосон юм. Тухайн жилүүдэд дэлхий дахиныг нөмөрсөн Их хямрал болж байсан ч, үхрийн мах, ноос экспортолдог Уругвай эдийн засгийн хувьд харьцангуй боломжтой байлаа. Мөн тэд зочин багуудын замын зардлыг даахаа амлаж, ганцхан жилийн дотор “Estadio Centenario” хэмээх 90 мянган хүний багтаамжтай, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оруулахаа зарлан, түүнийгээ ч ажил хэрэг болгож чадсан юм.
Зохион байгуулагчдаас гадна урилгаар ердөө 12 орон ирсэн тул FIFA багуудыг дөрвөн хэсэгт хувааж, зөвхөн хэсгийн аваргууд л хагас шигшээд тоглох системийг ашиглахаар шийдсэн байна. ДАШТ-ий нээлтийн тоглолт орон нутгийн цагаар 13-ны 15.00-д Франц-Мексикийн тоглолтоор эхэлсэн бөгөөд анхны гоолыг 19 дэх минутад Францын Льюсен Лоран оруулжээ.
Харин шигшээ тоглолтод Уругвай-Аргентины баг шалгарч, эзэн баг 4:2-ын харьцаатай хожин анхны дэлхийн аварга болж байсан түүхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ