АНУ-ын хөлөг онгоцонд гал гарчээ

Калифорни муж улсын Сан-Диего дахь тэнгисийн цэргийн хүчний баазад олон зориулалт бүхий десантын “USS Bonhomme Richard” (LHD 6) хөлөг онгоцонд гал гарсан байна.  Үүнд 21 хүн өртжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний командлалаас ингэж мэдээлсэн байна.

Эндхийн эмнэлэгт 17 усан цэрэг болон дөрвөн энгийн хүн хүргэснийг тодруулан тайлбарлажээ. Тэд хөнгөн түлэгдэж, энэ нь тэдний амь насанд аюулгүй гэнэ.

Гал гарсан хөлөг онгоцоос байлдааны өөр хоёр хөлөг онгоцыг холдуулсан байна.

Хөлөг онгоцонд өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 8:30 цагт (УБ-ын цагаар 23:30 цаг) гал гарч эхлэжээ. Хөлөг онгоцонд техникийн үйлчилгээ хийж байсан бөгөөд багийн гишүүд нь ойролцоогоор нэг мянга орчим хүн байдаг байна. Харин гал гарах үед хөлөг онгоцон дээр 160 усан цэрэг байжээ.

Галыг унтараахаар  гал сөнөөгч ангиудыг илгээснийг хэвлэлд мэдээлж байна. Болсон явдлын шалтгааныг  хараахан тогтоож амжаагүй байгаа бөгөөд шалгах ажил явуулж байгаа аж.


“USS Bonhomme Richard” хөлөг онгоц нь 1998 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оржээ. Уг хөлөг онгоц нь десантын "Wasp" ангиллын олон талын зориулалт бүхий хөлөг онгцонд хамаарагддаг  бөгөөд нисэх онгоц, нисдэг тэрэг хөөрч, буух талбайтай гэнэ.  Хөлөг онгоц 28 мянга гаруй тонн усны түрцтэй бөгөөд 250 гаруй метр урт, 43 метр өргөн ажээ. 1900 орчим усан цэрэг, эгц дээшээ хөөрдөг 20 хүртэл тооны “Харриер” нисэх онгоц, СН-46 гэдэг 46 хүртэл нисдэг тэрэг тээвэрлэх хүчин чадалтай аж. Хөлөг онгоц зенит-пуужингийн зэвсгээр тоноглогджээ.



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ