Сөүл хотын даргын цогцос уулнаас олджээ

Сөүл хотын захирагч Пак Вон Сугийн цогцос өнгөрсөн шөнө уулнаас олдсоныг тус улсын цагдаагийн газар мэдээлжээ.


Пүрэв гарагт хотын захирагчийн охин аавыгаа сураггүй алга болсон талаар цагдаад мэдээлж байсан юм. Захирагчийн цогцос Сөүлийн хойд талын Бугак уулнаас олдсон байна. Түүний гар утасны дохио хамгийн сүүлд бүртгэгдсэн газрын ойролцоо самнах ажиллагаа явуулах үеэр цогцос олджээ.


Хотын захирагч гэрээслэл маягийн бичиг үлдээгээд явснаас хойш 4-5 цагийн дараа Пүрэв гарагийн орой охин нь цагдаад мэдэгдсэн байна. Самнах ажиллагаанд 150 цагдаа дайчлагдаж, дрон, нохой зэргийг ашиглажээ. Сөүл хотын захиргаа Пак захирагч Пүрэв гарагт тодорхойгүй шалтгааны улмаас ажилдаа ирээгүйг мэдээлсэн байна.


Өмнөд Солонгосын зарим хэвлэлүүдийн мэдээлснээр 2017 оноос хойш саяхныг хүртэл түүний удирдлагад ажиллаж байсан нарийн бичгийн дарга эмэгтэй өөрт нь удаа дараа бэлгийн дарамт үзүүлж байсан гэх үндэслэлээр хотын захирагчийн эсрэг гомдол гаргасан гэнэ. Эмэгтэй гомдлоо Лхагва гарагт Сөүл хотын цагдаагийн газарт хүргүүлснийг мэдээлсэн байна. Хотын захирагч нарийн бичгийнхээ биед байнга хүрч, өөрийн фото зургийг мессенжэрээр явуулдаг байсан тухай гомдолд дурдсаныг эх сурвалжууд мэдээлжээ. 


Харин цагдаагийн газар ямар агуулгатай гомдол хүлээж авснаа нууцалж байна. Иргэний байгууллагад олон жил ажилласан хүний эрхийн хуульч Пак Вон Су 2011 онд Сөүл хотын даргаар сонгогдож, өнгөрсөн оны зургаадугаар сард гурав дахь удаагаа улиран сонгогдсон нь Өмнөд Солонгосын түүхэнд анхны тохиолдол болж байв.


Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний Либерал Ардчилсан Намын гишүүн тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ирээдүйтэй улс төрчид тооцогдож байжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ