Атланта хотод онц байдал зарлаж, үндэсний гвардийн цэргийг оруулжээ
Америкийн Жоржиа муж улсын захирагч Брайан Кемп эсэргүүцлийн арга хэмжээнд эзлэгдсэн Атланта хотод онц байдал зарлаж, Үндэсний гвардийн цэрэг илгээжээ.
Хотод эмх замбараагүй байдал газар авч, намжихгүй байгааг Кемп тэмдэглэсэн байна. "Эсэргүүцлийн тайван арга хэмжээ нь эвдэн сүйтгэх ажиллагаа болсноор одоо муж улсын гэмгүй оршин суугчид үүний золиос болж байна" гэж захирагчийн хэлснийг телевизийн “FoxNews” иш татан дурджээ.
Атлантад нийтдээ АНУ-ын Үндэсний гвардийн 1000 цэрэг оруулах ажээ. Тэд төрийн албаны байшин барилга, захирагчийн өргөө, нийгмийг аюулаас хамгаалах газрын төв байрыг хамгаалах аж. Үндэсний гвардийнхныг оруулах нь Жоржиа муж улсын замууд болон суурин газруудад эргүүлийг чангатгах боломжийг цагдаа нарт олгоно гэж Кемп хэлжээ.
Тэрээр мөн “Хүмүүсийн дур зоргоороо явдлыг зогсоож, нийслэлд дэг журам сэргээх ёстой. Би онц байдал зарлаж, үндэсний гвардынхныг оруулж байна. Манай иргэдийн аюулгүй байдал эн тэргүүнд тавигдах учиртай” гэж мэдэгдсэн байна.
Атлантад Тусгаар тогтнолын өдрөөр зэвсэг хэрэглэсэн үймээн болжээ. Машинд эцэг, эхийнхээ хамт явсан найман настай охин суманд өртсөн байна. Энэ явдал өмнө нь африк гаралтай Рэйшард Бруксыг цагдаа буудаж хороосон зуушны рестораны дэргэд болжээ. Уг хэргийн дараа эсэргүүцлийн ажиллагаа долоо хоног үргэлжилж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсоор байна.
Бусад хотод ч хүчирхийллийн ажиллагаа өрнөж байна. Нью-Йорк хотод зэвсэг хэрэглэсэн үймээн болох үеэр зургаан хүүхэд амиа алджээ. Нийтдээ найман хүн амь үрэгдэж, 44 хүн бэртсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ