Украины флот Оростой дайтахаар бэлтгэж эхлэв

"Украины тэнгисийн цэргийн хүчин Оросын эсрэг бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахаар бэлтгэж байна". Байлдааны флотын командлагч контрадмирал Алексей Неижпапа “Думская” сонины сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.


Украин Крымыг буцааж авах бодолтой байгаа бөгөөд Оростой байлдахад бэлтгэж байна” гэж тэрээр хэлжээ. “Манай дайчид, энгийн хүн ард гээд их хохирол хүлээх болно” гэж командлагч тайлбарласан байна.


"Оросын арми Днеприйн усыг Крым рүү урсгах зорилгоор Херсон муж руу дайрна хэмээн Украины тал үзэж байгаа" гэж тэрээр хэлжээ. Орос улсын хойгт Крымын хойд сувгийг сэргээхээр оролдох нь мөргөлдөөн эхлэх дохио болно гэж Неижпапа дурдсан байна.


“Манай анги нэгтгэлүүд ийм ажиллагаанд бэлтгэж байгаа. Бүх төлөвлөгөөг дэлгэх аргагүй, гэхдээ баримтаас дурдахад пуужингийн “Нептун” цогцолборын тусгал нь түүнийг эх газрын Украинаас Севастополийн ойролцоох газар хүртэл хэрэглэх боломж олгож байгаа. Тэнд л харцгаая” гэж тэр онцлон тэмдэглэжээ.


Украины тэнгисийн цэргийн хүчин “Нептун” гэдэг далавчит пуужин бүхий хөлөг онгоц эсэргүүцэх цогцолборын гурван дивизионыг 2021 онд Хар болон Азовын тэнгист байрлуулах бодолтой байгааг Неижпапа өмнө нь мэдэгдсэн юм.


Крым 2014 оны гуравдугаар сард явуулсан нийт ард түмний санал хураалтын дараа Оросын бүрэлдэхүүнд орсон бөгөөд уг санал хураалтаар бүс нутгийн оршин суугчдын олонхи нь ийм шийдвэрийг дэмжсэн билээ. Украин, АНУ болон Европын холбооны орнууд Крымын хойгийг эзлэгдсэн нутаг хэмээн үздэг бөгөөд харин ОХУ санал хураалтын үр дүнд олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу болсон гэж мэдэгддэг юм. 




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ