Польшид үл мэдэх нисдэг таваг эргэлдэж байсныг зурагт буулгажээ


Польшийн Ястрово тосгоны нэгэн оршин суугч  эр унадаг дугуйгаар явж байхдаа үл мэдэх нисдэг биет эргэлдэн нисч байхыг харсан байна. Тэр биет модны оройг шүргэхдээ шаржигнах чимээ гаргаж байжээ. Тэрээр нисдэг биетийг алга болохоос өмнө зургийг нь дарж амжсан аж. Британийн “Миррор” сонинд ингэж бичжээ.  





Польш эр өөрийн авсан зургуудыг сэтгүүлч, нисдэг биет судаач Роберт Бернатович гэдэг хүнд явуулж, ингэхдээ мэдрэл муутай хэмээн хэлэгдэхээс эмээн нэрээ нууцалжээ.


Бернатович 1979 оноос ийм “олон зуун тохиолдлыг” судлаж байсан Британийн нисдэг биет судлаач Филипп Мантлд  хандсан байна. Өмнө нь Мантл Үл мэдэх нисдэг биет судлах Британийн холбоог тэргүүлж байжээ. Шинжээч одоо үл мэдэх нисдэг биетүүдийн гэрэл зурагт дүн шинжилгээ хийдэг Их Британийн агаарын цэргийн хүчний албан хаагч асан Жейсон Гливстэд зургуудыг өгсөн байна.



Польшийн тосгоны оршин суугчийн авсан зургуудад ямар нэгэн засвар ороогүй бөгөөд зурагт гарсан биет үнэхээр газраас дээш 60 орчим метрийн өндөрт нисч явжээ гэж Гливс хэлсэн байна. Тэрээр хэд хэдэн нарийн ширийн зүйлийг (гэрэл, онцлог байдал г.м)  үндэслэн энэ нь жинхэнэ гэрэл зургууд мөн гэсэн дүгнэлт хийжээ. Үүнтэй холбогдуулан Мантл хэлэхдээ, Польшийн үл мэдэх нисдэг биетийн энэ зургууд одоо байгаа зургуудаас хамгийн сайн нь юм гэж онцлон тэмдэглэсэн байна.



Гэхдээ гэрэл зураг ирүүлсэн хүн нэрээ нууцалсан учир уг зураг жинхэнэ гэдэгт итгэхэд хэцүү гэнэ. Үүнээс гадна, үл мэдэх нисдэг биет судалдаг ухааныг хуурамч шинжлэх ухаан хэмээн үзэж, шинжээчид хүлээн зөвшөөрдөггүйг хэлвэл зохино.





Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ