Игорь Моргулов: Монгол Улс ШХАБ-д элсвэл дэмжинэ
ОХУ-аас энэ намар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Санкт-Петербург хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов ТАСС агентлагт ярилцлага өгөх үедээ хэлжээ.
"ШХАБ-ын дээд хэмжээний чуулганы өмнө бид магадгүй энэ намар Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна" гэжээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болбол ОХУ шийдвэрийг нь дэмжинэ гэв.
"Монгол Улсад ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох эсэх талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ шийдвэрийг дэмжих ч хүмүүс байна, эсэргүүцэж байгаа нь ч бий. Би монгол нөхдийнхөө сонголтод огтхон ч нөлөөлөх гэсэнгүй. Энэ бол тэдний тусгаар тогтносон эрх. Хэрэв тэд ШХАБ-т элсэх шийдвэр гаргавал ОХУ дэмжих нь дамжиггүй. Мөн ШХАБ-ын бусад орнууд Монгол Улсыг манай ШХАБ гэх энэ том гэр бүлийн эгнээнд элсэхэд баяртай хүлээн авна" гэжээ.
Одоогоор Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын статустай байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ