Прага хотын иргэд 500 метрийн урттай ширээ засаж, хөл хорио дууссанаа тэмдэглэв

Чех улс мягмар гарагаас эхлэн амны хаалт заавал зүүх шаардлагаа цуцалж, ресторан, бааруудаа нээжээ. Коронавирусийн тархалт буурсан тул зүүн хойд Моравиа-Силезээс бусад бүх газар нутагт хорио цээрийн дэглэмийг сулруyлах арга хэмжээ авсан байна.


Чехийн нийслэл Прага хотын 2000 орчим иргэн 600 жилийн түүхтэй Карлын гүүрэн дээр 500 метрийн урттай баярын ширээ засаж, хөл хорио дууссанаа тэмдэглэжээ. Ширээгээ амттай хоол хүнс, уламжлалт ундаагаар дүүргэж, цэцгээр чимэглэсэн бөгөөд хүмүүс үүр цайтал ууж идэцгээжээ.


Прага дахь энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Ondrej Kobza "Бид коронавирусын хямралыг эцэслэж буй хүмүүстэй уулзаж, бусадтай уулзахаасаа айхаа больсон гэдгээ тэмдэглэхийг хүссэн. Хүн бүр энд байхын тулд ямар нэгэн зүйл хийх, хоол хүнс эсвэл цэцэг авчрах хэрэгтэй байв. Хүн бүр оролцох ёстой гэсэн санаа байсан" хэмээн Agence France-Presse агентлагт мэдэгджээ.




Сүүлийн долоон өдөр дараалан Прага хотод 100,000 оршин суугч тутамд ноогдох халдварын тохиолдол тав дотор байсан нь ингэж тэмдэглэх бас нэг шалтгаан болжээ. Гэхдээ цар тахал дуусаагүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа бөгөөд Чех улс олон гадаадын иргэдийг хил давахыг хориглосон хэвээр байгаа аж. Коронавирусийн цар тахлын үеэр 10 сая орчим хүн амтай Чех улсад халдварын 11,954 тохиолдол бүртгэгдэж, 349 хүн нас барсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ