Владимир Путин 2036 он хүртэл ОХУ-ыг удирдана

ОХУ-д үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж, урьдчилсан  дүн нь өчигдөр буюу лхагва гарагт зарлагджээ.


Саналын хуудасны гуравны хоёрыг тоолсны дараах байдлаар 67 настай Владимир Путинд дахин хоёр удаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох боломж нээгдсэн нь тодорхой болсон байна. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн турш ерөнхийлөгч, ерөнхий сайдын албан тушаалыг тасралтгүй хашсан юм.


Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдсэнээр Путин дахин 16 жил буюу 83 нас хүртлээ Орос улсыг удирдах боломжтой болж байна. Коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн санал асуулгыг сүүлийн долоон өдрийн турш зохион байгуулж, өчигдөр дуусгажээ. Санал асуулгын ирц 65 хувьд хүрснийг зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. Ирц 50 хувьд хүрсэн тохиолдолд санал асуулгын үр дүн хүчинтэй болох юм.


Левада байгууллагын сүүлийн судалгаагаар Оросуудын 60 хувь нь Путиныг дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ нь 90 хувьд хүрдэг байсан оргил үеэсээ нэлээд буурсан үзүүлэлт аж. Улаан талбайд өчигдөр цөөн тооны иргэд үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч удалгүй цагдаа нар ирж тараасан байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ