ЗСБНХУ болон Оросын түүхэн дэхь сансрын сүүлчийн сүйрэл
1971 оны зургаадугаар сарын 30-нд сансрын “Союз-11” хөлгийн багийнхан амь үрэгдсэн юм. Энэ нь ЗСБНХУ болон Оросын сансрын жолоодлогот нислэгийн хоёр дахь бөгөөд сүүлчийн сүйрэл байсан билээ.
Сансрын жолоодлогот “Салют-1” станц руу “Союз-11” хөлгийг 1971 оны зургаадугаар сард хөөргөхөөр товложээ. Багийн бүрэлдэхүүнд хөлгийн болон сансрын “Салют” станц руу хийх анхны аялалын дарга, агаарын цэргийн хүчний дэд хурандаа 43 настай Георгий Добровольский, 35 настай Владислав Волков, 37 настай Виктор Пацаев нар багтсан байна.
“Союз-11”-ийг 1971 оны зургаадугаар сарын 6-нд Байконураас амжилттай хөөргөжээ. Хөлөг сансрын станцад залгагдаж, багийнхан зургаадугаар сарын 29 хүртэл ажиллан, нислэгийн программыг бүрэн биелүүлсэн байна.
Ийнхүү “Союз-11” хөлөг станцаас хэвийн салж, дэлхийд буухаар доошилжээ. “Союз” хөлөг агаар мандлын нягт давхаргад ямар ч саадгүйгээр орж, шүхрийн систем болон зөөлөн буулгах хөдөлгүүр хуваарийн дагуу ажилласан байна. Эрлийн багийнхан сансрын хөлгийн буугч аппаратыг нээхэд, сансрын нисэгчид буудал дээрээ нас барсан байжээ.
Багийнхан буугч аппаратын даралт эрс унаснаар амь үрэгдсэнийг сүүлд нь шалгалтын явцад тогтоосон байна. Сансрын нисэгчид аврах өмсгөл өмсөөгүй байсан бөгөөд учир нь тэд өмсгөл өмссөн бол бүхээгтээ багтахгүй байх байжээ. Нисэгчдийн хэн нэг нь битүү байдал алдагдсан шалтгааныг илрүүлсэн ч, түүнийг арилгах хугацаа байгаагүй аж.
“Союз-11” хөлөг сүйрснээр ЗСБНХУ-д жолоодлогот нислэгийг зогсоожээ. Харин хоёр жилийн дараа буюу 1973 оны есдүгээр сард шинэ “Союз-12” хөлгийг хөөргөсөн байна. Сансрын аппаратыг боловсронгуй болгох ажил ч хийгджээ. Багийн бүрэлдэхүүнийг буугч аппаратад өмсгөлтэйгээ байх боломжтой болгохын тулд сансрын нисэгчдийн тоог хоёр болгож цөөрүүлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ