Эрдэмтэд цар тахал дэгдээж болзошгүй ханиадны штамм илрүүлжээ
Хятадын эрдэмтэд шинэ цар тахал дэгдээж болзошгүй гахайн ханиадны урьд нь мэдэгдэж байгаагүй штамм илрүүлсэн байна. Америкийн эрдэм шинжилгээний “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд ингэж бичжээ.
Гахайн ханиадыг цар тахлын ханиадны вирус гарч ирэх явцад завсрын юм уу тэр ч бүү хэл “холилдох судас” хэмээн үзэх хэрэгтэй гэж өгүүлэл бичигч тэмдэглэсэн байна. Тиймээс ханиадны вирусийг тогтмол ажиглаж байх нь эртнээс сэргийлэх арга хэмжээ авч дараачийн болзошгүй цар тахалд бэлэн байхад нэн чухал ач холбогдолтой ажээ.
Судлаачид 2011 оноос 2018 онд Хятадын есөн мужид гахайн ханиадны вирусийг ажиглажээ. Энэ хугацаанд тэд гахайн хамраас 30 мянга орчим арчидас авсан нь гахайн ханиад үүсгэдэг 179 вирусийг ялгаж авах боломж олгосон байна.
Эдгээрийн дотор 2009 оны цар тахал үүсгэсэн H1N1 вирусийн ген агуулдаг ханиадны вируст саяхан илэрсэн штамм ч байжээ. G4 EA H1N1 гэсэн нэр авсан энэ штамм 2016 оноос гахайн популяцид өргөн тархажээ.
Үүнээс гадна, гахайтай харьцаж байсан фермүүдийн ажилтнуудын 10,4 хувьд (338-аас 35-д нь) нь энэ штаммын эсрэг биетүүд байгааг серологийн судалгаа харуулсан байна. Ингэхдээ 18-аас 35 хүртэлх насны хүмүүст ийм эсрэг биет илүүтэй илэрч байжээ.
“Халдварлах чадвар нь хүний биед энэ вирус дасан зохицох боломжийг үлэмж нэмэгдүүлж, цар тахлын вирус бий болж болзошгүй талаар болгоомжлол төрүүлж байна” гэж эрдэмтэд дүгнэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ