Гутал нь сугарсан ч жагсаалаасаа гараагүй бүсгүй
Калининград хотод Ялалтын парадын үеэр гутал нь сугарч үлдсэн ч жагсаалдаа явсаар байсан бүсгүйг Балтийн флотын командлагч адмирал Александр Носатов шагнажээ. “Түрүүч, офицеруудын жагсаалын өмнө бүсгүйд командлагчийн дурсгалын медаль, жуух болон цэцгийн баглаа гардууллаа” гэж флотын төлөөлөгчийн хэлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Ксения Кальчинская Балтийн флотын ангид бага эмчээр дөрвөн жил ажиллаж байгаа бөгөөд энэ жил түүний оролцсон гурав дахь парад байжээ. Тэрээр сурвалжлагчтай ярилцахдаа "Гутал сугарахад би бага зэрэг сандарсан. Гэхдээ жагсаалаас гарч болохгүй гэдгийг ойлгон, тэр даруй зоригоо чангалсан юм” гэж хэлжээ.
“Би Балтийн флотын улсын их сургуулийг бага эмчийн мэргэжлээр дүүргээд, ангийн найз бүсгүйнхээ хамт ажил хайсны эцэстифлотод орохоор шийдсэн юм. Эмч хэрэгтэй байсан учир биднийг их дуртай авсан” гэж Ксения ярьжээ.
Ийнхүү тэрээр үе залгамжилсан цэргийн хүн болсон бөгөөд Ксениягийн аав болон хоёр өвөө нь цэргийн хүн байсан аж. “Би хаашаа ч шилжих бодолгүй байгаа. Энэ алба маань надад маш сайхан санагддаг” гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ