Ливерпүүл клуб Кристал Пэласыг 4:0 харьцаагаар хожжээ
Английн Премьер лигийн Ливерпүүл клуб талбайдаа Кристал Пэлас клубийг хүлээн авч 4-0 харьцаагаар хожлоо. Хэрэв ирэх шөнө тоглох Манчестер Сити клуб Челси клубд хожигдвол Ливерпүүл албан ёсоор цомоо өргөх юм.
Ливерпүүлийн эхний гоолыг 23 дахь минутад Тренд Александер-Арнольд чөлөөт цохилтоос хийсэн бол Мохамед Салах 44 дэх минутад тооны харьцааг 2-0 болгосноор эхний үе дууссан. Харин хоёрдугаар үеийн 55 дахь минутад Фабиньо эсрэг багийн торгуулийн талбайн гаднаас хаалгачийн баруун талд хүчтэй цохин гоолдсон ба эцсийн гоолыг Садио Мане 69 дэх минутад Мохамед Салахын дамжуулалтаар төгсгөлөө.
Ийнхүү Ливерпүүл клуб 86 оноотой болж ард яваа Манчестер Сити клубээс 23 оноогоор илүү болсон. Манчестер Сити клуб Улаанбаатар хотын цагаар ирэх шөнө буюу зургаадугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Челси клубийн талбайд зочлон тоглоно.
Хэрэв Манчестер Сити клуб тус тоглолтод хожвол Ливерпүүл дахин хожил авах шаардлагатай болох бөгөөд тэд дараагийн тойрогт хоорондоо учраа таарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ