Бээжинд коронавирус дахин дэгдсэн учрыг тайлбарлажээ

Хятадын халдвар судлалын эрдэмтэн Ву Хао Бээжин хотод коронавирус дахин дэгдсэн талаар тайлбарлажээ. Тэрээр "COVID-19"-тэй олон жил зэрэгцэн оршиход бэлэн байхыг олон нийтэд уриалжээ. “Дейли мэйл” сонины сурвалжлагчид ингэж ярьсан байна.


Түүний хэлснээр "Энэ удаа Бээжин нэн шаардлагатай арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжлүүлж, коронавирус тархахаас зайлсхийхийн тулд хотыг хааж чадсан. Уханийн анхны дэгдэлтийн үеийг бодвол одоо эрдэмтдэд олон зүйл тодорхой боллоо" гэж мэдэгдсэн байна.  


Сонинд бичсэнээр, халдварыг хяналтдаа байлгахын тулд Бээжин хотын захиргаа хотыг халдварын аюулын түвшин өндөртэй дөрвөн дүүрэг, дунд болон бага түвшинтэй 39 дүүрэгт хуваажээ. Хотын иргэд аюулын дунд болон бага түвшинтэй дүүргүүдээр явах боломжтой ч халуунаа заавал үзүүлж, бүртгүүлэх үүрэгтэй гэнэ. Харин коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн орон сууцны байшингуудад хөл хорьжээ. 


Вирусийг олон жилийн туршид дарж чадахгүй учир, дэлхий нийтээрээ COVID-19-тэй хамтдаа байхад бэлэн байх хэрэгтэй гэж Хао мэдэгдсэн байна. Үүнээс гадна, вирусийн халдвар, өргөн цараатай тархалтаас сэргийлэх бүхий л боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэр хэлжээ.


“Дэгдэлтийг хязгаарласан нь вирус байхгүй боллоо гэсэн хэрэг биш.  Бид шаардлагатай үед тархалтаас сэргийлэх ёстой” гэж эрдэмтэн мэдэгдсэн байна.


Бээжингийн бөөнийн худалдааны “Синьфади” захаас илэрсэн шинэ коронавирус Уханийнхаас илүү аюултай байж болохыг зургаадугаар сарын 15-нд илрүүлжээ.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ