Путин Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэл бичжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайнд Ялсны 75 жилийн ойд зориулан америкийн “National Interest” сэтгүүлд өгүүлэл бичсэн байна. Өгүүлэл “Российская газета” сонины зургаадугаар сарын 19-ний дугаарт нийтлэгджээ. Төрийн тэргүүн эмгэнэлт явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэхдээ, өнгөрсөн болон ирээдүйн өмнө хүлээж буй хариуцлагаас  үүдэн  уг өгүүллийг бичихээр шийдвэрлэснээ тайларласан байна.

 

 

 

 

 

·          54

 

·          

 

·          

 

·          

 

·          

 

·          

 

·          

“Оросын ерөнхийлөгч Дэлхийн хоёрдугаар дайнд иж бүрэн үнэлгээ өгөхийг санал болгоод, өнөөдөр европын улс төрчид,  ялангуяа Польшийн удирдагчид Мюнхены хуйвалдааны баримтыг балруулдахаар санаархаж байгаа юм” гэж сэтгүүлийн редакци өгүүллийг тайлбарлан бичжээ.


Өгүүлэл “Дэлхийн хоёрдугаар дайны 75 жилийн ойн бодит сургамж” гэсэн нэртэй юм. Путин өгүүлэлдээ Дэлхийн хоёрдугаар дайны түүхийн тухай бичээд, дайн гарсан шалтгааныг тайлбарласан байна.  2019 онд ТУХН-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцогчид нацистуудыг ялахад зөвлөлтийн ард түмэн чухал үүрэг гүйцэтгэсэн тухай нэгдмэл санаа бодолд хүрснийг тэр дурджээ. ЗСБНХУ-ын бүх бүгд найрамдах улс мөр зэрэгцэн тулалдаж байсан юм гэж тэр бичжээ.


“Зарим улстөрч өнөөх л сурсан зангаараа Орос улс түүхийг дахин бичихээр санаархаж байна хэмээн яаран мэдэгдсэн юм. Гэвч тэд нэг ч баримт, нэг ч шалтгааныг няцааж чадаагүй билээ. Дашрамд дурдахад, оросын төдийгүй, гадаадын архиваас олж болох жинхэнэ баримт бичгүүдтэй маргах нь боломжгүй, ингэх нь үнэхээрийн хэцүү” гэж Путин бичсэн байна.


Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэн шалтгаан нь Дэлхийн нэгдүгээр дайны дараа гаргасан шийдвэрүүдтэй холбоотой гэж ерөнхийлөгч үзэж байна. “Үндэсний хувьд үлдсэн доромжлол нь Германд өшөө авах радикал санаа бодлын шимт хөрс болсон юм” гэж төрийн тэргүүн бичжээ.


Өгүүллийн нэг хэсгийг Чехословакт зориулсан байна. Польш тус улсыг хуваахад Германы хамт оролцож байсан юм гэж Владимир Путин бичжээ. “Чехословакийг хуваасан нь харгис хэрцгий, ичгүүргүй явдал байсан юм. Өнөөдөр европын улстөрчид, ялангуяа Польшийн удирдагчид Мюнхены урвалтыг нуун дарагдуулахыг хүсч байна. Яагаад тэр билээ? Тэдний  улс орнууд хүлээсэн үүргээ зөрчиж, Мюнхены урвалтыг дэмжиж, харин зарим нь авсан зүйлийг хуваалцахад ч оролцож байсан тэр баримт нь цорын ганц шалтгаан биш ээ. 1938 оны тэр эмгэнэлт өдрүүдэд Зөвлөлт Холбоот Улс Чехословакийг хамгаалан боссон цорын ганц орон байсан нь өөр нэг шалтгаан юм” гэж ерөнхийлөгч тайлбарлажээ.


Англи, Франц хоёр өөрсдийн өгсөн баталгаанаас татгалзаж, Чехословакийг гаргуунд нь хаясан юм гэж Путин үзэж байна. “Тэд Герман, Зөвлөлт Холбоот Улс хоёрыг заавал ч үгүй мөргөлдүүлж, бие биеийг нь тамирдуулахын тулд  нацистуудын анхаарлыг дорно зүг хандуулахыг санаархаж байсан юм. Гуравдугаар Рейхийн талаар төдийгүй, Коминтернийн эсрэг гэрээ гэгчид оролцогч бусад орон фашист Итали, милитарист Японы талаар баримтлаж байсан өрнөдийн илбэн тохинуулах бодлогын мөн чанар ийм байсан билээ” гэж ерөнхийлөгч бичсэн байна.


Версалийн гэрээний “шударга бус” заалтуудыг эргэн харж, улсынхаа хуучин хүч чадлыг сэргээхээр амлаж байсан нацистууд бий болсон нөхцөл байдлыг ашиглажээ. Дайн эхлүүлсний хариуцлагыг дэлхийн бүх тэргүүлэх улсууд ямар нэг байдлаар хүлээх ёстой гэж оросын удирдагч үзэж байна. Дайн эхэлсэн түүхийг эрдэмтэд судлах ёстой. Миний бие хэн нэгнийг цагаатгах юмуу буруутган, шүүгчийн үүргийг өөртөө авах гээгүй гэж тэрээр тэмдэглэжээ.


Өнгөрсөн үеийг атгаг санаагүйгээр харж, өмнө нь гаргасан алдааг дпавтахгүйн тулд нээлттэй яриа хэлцээ хийхийг Путин бусад оронд уриалсан байна. Дэлхийн дайны гол урвагчид нь францын маршал Филипп Петен, зөвлөлтийн цэргийн жанжин Андрей Власов, Украины үндсэрхэг үзэлтнүүдийн толгойлогч Степан Бандера, Норвегийн Видкун Квислинг нар гэж Путин үзжээ. Энэ дөрвөн хүн бүгдээрээ дайсантай хамсаатан байсан юм. “Тэднийг дагагчид болон гар хөл бологсод  нь тусгаар тогтнолын төлөө юмуу коммунизмаас чөлөөлөгдөхийн төлөө тэмцэгч гэдгээр халхавчилсан урвагчид, алуурчид юм” гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.


“Тэд Бабый Ярын цаазлалт, Волынскийн яргалал, Хатынийн хэрэг явдал, Латви, Литвад еврейчүүдийг устгаж байсан зэрэг цуст хэрэг явдлын буруутан” гэдэгт Путин итгэлтэй байна. Нацистын Германыг бут ниргэхэд Зөвлөлт Холбоот Улсын гүйцэтгэсэн үүргийг тэр бас цохон заажээ. Ялалтад чухам Зөвлөлт Холбоот Улс хамгийн их хувь нэмэр оруулсан бөгөөд Орос улс түүхэн үнэнийг хойшид ч хамгаалах болно гэж тэр тэмдэглэсэн байна.


Ийм байр суурь нь зарим улс орон Дэлхийн хоёрдугаар дайны тухай үнэнийг тогтоохоор Орос оронтой хамт тэмцэхэд бэлэн биш байгаа одоо үед онцгой тулгамдсан шинжтэй юм гэж тэр бичжээ.


Владимир Путин АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельтийн үгийг дэлхийн хоёрдугаар дайны тухай “аугаа их үнэн” гэж бас тодорхойлжээ. “Тэр 1942 оны дөрөвдүгээр сарын 28-нд улс үндэстэндээ хандаж хэлэхдээ, зөвлөлтийн хүчин “Нэгдсэн Үндэстний Тунхаглалд оролцогч бусад бүх орноос илүү олон дайснуудын зэвсэглэсэн арми, тэдгээрийн цэрэг, нисэх онгоц, танк, зэвсгийг устгалаа хэмээн мэдэгдсэн юм”  гэж ерөнхийлөгч бичсэн байна.


Тэр үеийн Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль 1944 оны есдүгээр сарын 27-нд зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинд илгээсэн захидалдаа: Улаан арми “Германы цэргийн машины гэдэс дотрыг гаргаж хаялаа” гэж бичсэнийг төрийн тэргүүн дурджээ.


Аугаа их эх орны дайнд амь үрэгдсэн бүх хүний нэрийг тогтоох ёстой гэж Путин мэдэгдсэн байна. Аугаа их эх орны дайнд ЗСБНХУ бараг 27 сая хүнээ алдсаныг ерөнхийлөгч дурджээ.


Аугаа их эх орны дайны жилүүдэд зөвлөлтийн ард түмэн фронт болон ар талд  боломжгүй бүхнийг хийж бүтээсэн юм гэж төрийн тэргүүний өгүүлэлд бичсэн байна. ЗСБНХУ-ын бүх үндэстэн ястан Дэлхийн хоёрдугаар дайны үед эв нэгдэлтэйгээ илтгэн харуулж, нацистууд ч үүнийг бусниулж чадаагүйг ерөнхийлөгч тэмдэглэжээ.


"Орос, Хятад, Франц, АНУ, Их Британийн дээд хэмжээний уулзалт хийх нь орчин үеийн сорилтод өгөх хариултыг эрж хайхад чухал үүрэг гүйцэтгэж болох юм" гэж Владимир Путин бичжээ. Уулзалтаар хэлэлцэх асуудлууд дэлхий нийтийн хувьд чухал бөгөөд тулгамдсан шинжтэй юм гэж тэр үзэж байна.


Путин өгүүлэл бичихээр төлөвлөж буй тухайгаа 2019 оны 12 дугаар сард хийсэн хэвлэлийн хурал дээр ярьж байсан юм.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ