Цар тахлын дараа настай хүмүүс ямар давуу талтай байхыг дурдав
"Настай хүмүүс залуусыг бодвол зарим талаараа давуу байдгийнхаа ачаар цар тахлын дараа хэрэгцээ шаардлагатай байж болно, тийм ч байх ёстой" гэж Оросын ШУА-ийн дэргэдэх геронтологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Владимир Анисимов үзэж байна. Тэрээр “Росбалт” сайтад өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.
"Залуусыг бодвол ахмад настай мэргэжилтнүүд янз бүрийн төсөл санаачилж, удирдах боломжийг өөрсдөд нь олгож буй тийм мэдлэг, туршлагатай юм. Жишээ нь Оросын тэтгэврийнхэн ажлаа удаан хийх тусам шинжлэх ухаан, технологи төдий чинээ амжилттай хөгжих болно. Хэдий нас нь 80 гарсан ч амжилттай сайн ажиллаж байгаа цөөнгүй хүмүүсийг би мэдэх юм. Манай хүрээлэнд ч ийм эрдэмтэд бий” гэж профессор хэлжээ.
Эрдэмтдийг 65 нас хүрэхээр нь тэтгэвэрт гаргадаг ч түүний ажлын өрөө, лаборантууд болон техникийг түүнд үлдээдэг практик Герман улсад байдгыг Анисимов жишээ болгон дурдаад, ингэснээр тэрээр тэнхимд юмуу эрдэм шинжилгээний хүрээлэнд сайн зөвлөгч байж чаддаг гэжээ. “Хүн удаан хугацаагаар хөдөлмөрлөх тусмаа урт насалдаг. Энэ утгаараа хөгшрөлт гэж байдаггүй. Бид ажиллаж л байвал сэтгэл санаагаар залуу байдаг” гэж эрдэмтэн дүгнэж хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ