Коронавирус дэгдсэнээс болоод Бээжин хотын зарим ажилтан ажилгүй болжээ

“Синьфади” захад коронавирус дэгдсэний дараа Бээжин хотын эрх баригчид тус хотын Фэнтай дүүргийн тэргүүний орлогч болон түүний захиргаанд ажиллаж байсан хэд хэдэн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. «Бэйцзин жибао» сонинд бичсэнийг иш татан ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна.
Хотын захиргааны хуралдааны үеэр нэг өдрийн өмнө ийм шийдвэр гаргасныг дурдаж байна.  Халдвар гарах эрсдэлээс сэргийлэхтэй холбоотой аюулгүй байдлын арга хэмжээ авахад хариуцлагагүй хандсан гэж ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтнуудыг буруутгаж байгаа ажээ.
Хотын  нэг бөөнийн худалдааны томоохон захад дахин дэгдэлт гарснаар коронавирус тархах эрсдэл маш их байгааг Бээжин  хотын засгийн газрын хэвлэлийн албаны тэргүүн Сюй Хэзянь анхааруулжээ.  Эрх баригчид хамгийн шийдвэртэй арга хэмжээ авах болно гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Захын ойр орчмын орон сууцны 11 цогцолборт суудаг иргэд гэрээсээ гарч  болохгүй бөгөөд тусгаарлах горимыг сахих үүрэгтэй болж байна. Урьд нь нээгдсэн гурван бага сургууль, гурван цэцэрлэгийн хичээлийг хааж, бусад нь үйл ажиллагаагаа сэргээх ажлыг хойшлуулж байна.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ