Ким Ён Жон Өмнөд Солонгосыг "сүрдүүлэв"
"Хойд Солонгосын удирдагчийн дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгч Ким Ён Жон Өмнөд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар сүрдүүлжээ" гэж Ассошиэйтед пресс агентлаг бичсэн байна.
Ким Ён Жон бямба гарагт Өмнөд Солонгосыг “дайсан” хэмээн нэрлээд, хил дээрх “ямар ч ашиггүй” Солонгос хоорондын салбар дампуурахыг энэ орон удахгүй харна гэж анхааруулжээ. Хойд Солонгосын ард түмний эсрэг чиглэсэн суртал ухуулгын кампанит ажилд хэрхэн хариу барихыг Хойд Солонгосын зэвсэгт хүчин шийднэ гэж тэрээр хэлсэн байна. “Одоо бол Өмнөд Солонгосын эрх баригчдаас харилцаагаа таслах яг тэр цаг мөн хэмээн би бодож байна. Удахгүй бид дараачийн алхамаа хийнэ. Дээд удирдагч, манай нам болон улс орноос надад олгосон эрх мэдлийн дагуу, миний бие дайсантай харилцах асуудлаар дараагийн шийдвэртэй алхам хийх захирамж өглөө” гэж Ким Ён Жон мэдэгджээ.
Тэрээр ийнхүү эрс мэдэгдэл хийсэн нь Хойд Солонгосын удирдлагад өндөр статустайг харуулж байна. Ким Ён Жон тус орны хамгийн нөлөө бүхий эмэгтэй, ахынхаа ойрын итгэлтэй хүнд тооцогддог юм. Одоо тэрээр Өмнөд Солонгостой харилцах асуудал хариуцаж байгааг төрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд саяхан нотолжээ.
Хойд Солонгос өмнөдийн талтай холбооны бүх шугамыг тасласныг өмнө нь мэдээлж байсан билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ