Бээжингийн бөөний захаас коронавирусийн халдвар илэрчээ

Бээжин хотын бөөний томоохон захуудын нэг “Синьфади” захад импортын хулд загас янзалдаг хавтангаас коронавирус илэрчээ. Захын удирдлагын хэлснийг иш татан "Синьцзинбао" сонинд ингэж бичсэн байна.


"COVID-19"коронавирусийн халдвар авсан шинэ тохиолдол 56 өдрийн дараа буюу зургаадугаар сарын 11-нд Бээжинд илэрсэн юм. Сүүлийн үед нийслэлээс хаашаа ч яваагүй 52 настай эрэгтэй өвчилжээ. Коронавирусийн халдвар авсан бас хоёр тохиолдол гарсан тухай эндхийн эрх баригчид зургаадугаар сарын 12-ны баасан гарагт мэдээлсэн байна. Өвчилсөн 37 болон 25 настай хоёр эрэгтэй махны бүтээгдэхүүн шинжлэх төвд ажиллаж байжээ.


Өвчилсөн хоёр хүний нэг нь сүүлийн 14 өдөрт Циндао хот руу яваад ирсэн байна. Хоёр дахь эрэгтэйн ярьснаар, сүүлийн хоёр долоо хоногт Бээжингээс хаашаа ч яваагүй, Хубэй муж болон гаднаас ирсэн хүнтэй харьцаж байгаагүй ажээ. Тэд коронавирусээр өвчилсөн нь нотлогдсоны дараа Бээжингийн эрх баригчид шалгалт, эпидемиологийн шинжилгээ хийж эхэлсэн байна.


Ийнхүү Хулд загасыг далайн бүтээгдэхүүний "Цзиншэнь" захаас авсаныг тогтоож чаджээ. Импортын загастай харьцаж байсан есөн хүнийг хяналтад авсан байна. Одоогоор тэднээс коронавирусийн халдвар илрээгүй аж. Ногоо, жимс жимсгэнэ, үхэр, гахай, хонины мах эвддэг байсан эд зүйлсээс авсан дээжээс вирус илрээгүйг РИА Новости агентлаг мэдээлжээ.


Захад маш хянуур ажиллах хамгийн өндөр түвшин тогтоосон байна. Далайн бүтээгдэхүүн, гахай, хонины махны өрөө тасалгааг түр хаажээ. Хотын эрх баригчдын мэдээлснээр далайн бүтээгдэхүүний "Цзиншэнь" захыг хаасан байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ