Токиогийн олимпийг зохион байгуулах шинэ төлөвлөгөөг есдүгээр сард гаргана
Олон улсын олимпийн хорооноос Токио-2020 олимпын наадмыг зохион байгуулах шинэ төлөвлөгөөг ирэх есдүгээр сард гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай Японы "Эн Эйч Кэй" суваг мэдээллээ. Шинэ коронавирусийн цар тахлын улмаас зохион байгуулагчид нь тус наадмыг зохион байгуулах хугацааг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
Одоогоор Олимпийн наадмын нээлтийг ирэх оны долоодугаар сард хийхээр төлөвлөж байгаа юм. Гэвч хугацааг нь ийнхүү жилээр хойшлуулах болсны уршгаар олон тэрбум ам.долларын хохирол амсахаар байна. Олон улсын олимпийн хороо, Токиогийн олимпийг зохион байгуулах хорооныхон 200 гаруй чиглэлээр энэ хохирлын хэмжээг бууруулах боломжийг судалж байгаа аж.
Олон улсын олимпийн хороо ирэх есдүгээр сард эцсийн төлөвлөгөөг гаргахын тулд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, зардлыг бууруулах арга хэмжээнүүдийг олон улсын спортын хороодын удирдагчидтай хэлэлцэх аж. Үүний тулд энэ сард спортын холбоодод тодорхой саналуудаа танилцуулах гэж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ