ОХУ-д "COVID-19"-ийн эсрэг вакциныг хүмүүс дээр туршиж эхлэв
Коронавирусийн вакциныг клиникийн журмаар хүмүүс дээр турших ажил долоодугаар сарын сүүлч гэхэд дуусна. Оросын батлан хамгаалах яамны эрдэм шинжилгээ-судалгааны 48 дугаар хүрээлэнгийн дарга Сергей Борисов “Красная звезда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа ингэж хэлжээ.
Түүний хэлснээр, Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төв болон Батлан хамгаалах яамны хүрээлэн дараа сарын сүүлч гэхэд COVID-19-ийн эсрэг вакцины клиникийн бүх туршилтыг дуусгах аж. Эхний хэсэг сайн дурын хүмүүс өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-нд туршилтад оролцох төлөвтэй байна.
Клиникийн өмнөх судалгааны хүрээнд вакциныг сармагчин болон хулгана дээр туршжээ. Ийнхүү вакцин үр дүнтэй, аюулгүй болох нь нотлогдсон байна.
ОХУ-д коронавирусийн эсрэг вакциныг туршихаар сайн дурын хүмүүсийг шилж авах ажил дууссаныг Оросын батлан хамгаалах яам зургаадугаар сарын 2-нд мэдээлсэн юм. Вакциныг клиникийн туршилтад оролцуулахаар тус улсын хэмжээнд янз бүрийн анги нэгтгэлийн 50 цэргийн албан хаагч–45 эрэгтэй, таван эмэгтэйг сонгож авчээ. Тэд бүгд шинжилгээ хийлгэж, сорилгод орсон байна. Нэг сарын туршид тэднээс ямар ч өвчин илрээгүй аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ