COVID-19: Бразилд өчигдөр хамгийн олон хүн амиа алджээ
Бразилд өчигдөр "Covid-19" өвчний улмаас 1262 хүн нас барсан нь нэг өдөрт хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болжээ.
Ингэснээр тус улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо нийтдээ 31,199 болсон юм. Энэ бол дэлхийд АНУ, Их Британи, Италийн дараа орох муу үзүүлэлт. Өчигдрийн байдлаар Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 555,383 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм.
Гэвч Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусийн цар тахлын аюулыг үл ойшоосон хэвээр байгаа юм. Тэрбээр өмнө нь Covid-19 өвчнийг “хамрын ханиад төдий зүйл” гэж тодорхойлж байсан бол өчигдөр ордныхоо гадаа өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ “Нас барсан хүн бүрийн төлөө би гашуудаж байна. Гэхдээ бүх хүн өөр өөрийн хувь тавилантай шүү дээ” гэжээ.
Бразилын бүс нутгуудаас хамгийн олон хүн нас барсан нь Сан Пауло муж (8000), Рио де Жанейро муж (5686) байгаа юм. Хэдийгээр ерөнхийлөгч нь тахлын аюулыг үл ойшоож байгаа ч тус улсын эрдэмтэд коронавирусийн халдвар цаашид улам нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 1.8 саяыг давж, 106000 гаруй хүн нас бараад байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ