Коронавирусийн "ачаар" төрсөн эгчийгээ олжээ
Их Британийн нэгэн оршин суугч бүсгүй коронавирусээс үүдэн хөл хорионд орж, зав чөлөөтэй болсноор төрсөн эгчийгээ олжээ. “Сан” сонинд тэдний түүхийн талаар бичжээ.
32 настай Тери Абимбола гэдэг бүсгүй төрөхөд нь айлд үрчлүүлсэн эгч Жоан Одвайерыг олон жил эрж сурагласан аж. Ингээд бүсгүй бүхий л арга чаргыг хэрэглэж, үрчлүүлсэн хүүхдүүдийн тухай мэдээллийн санг нэгд нэгэнгүй үзэж, интернэт ухаж, ток-шоунд оролцохоор хүртэл ханджээ. Гэвч эгчийгээ олох гэсэн элдэв оролдлого нь бүтэлгүйтдэг байжээ.
Харин COVID-19-өөс болоод тус улсад хөл хорионы горим тогтоосноор Абимбола бүсгүй их цаг завтай болжээ. Ийнхүү тэрээр бүртгэлийн сайтын архивыг улам нягтлан үзэж, нэг зургаас өөртэй нь зүс царайгаар төстэй нэгэн эмэгтэйг анзаарсан байна. Ийнхүү бүсгүй 51 настай үл таних эмэгтэйн фэйсбүүк рүү зурвас бичсэнээр түүнийг айлын өргөмөл хүүхэд гэдгийг олж мэджээ. Түүний эгч нь тэднийхээс ердөө наймхан километрийн цаана амьдардгыг төд удалгүй мэдэж авсан байна.
“Би түүн рүү утасдсанаар нэр ус, зураг, төрсний гэрчилгээ гээд олон зүйлийн тухай ярилцсан юм. Ийнхүү тэрээр миний эгч болох нь хагас цагийн дараа гэхэд тодорхой болж билээ” хэмээн Абимбола бүсгүй ярьжээ.
Ийнхүү эгч, дүү хоёр хажуугийн паркад уулзсан байна. Ингэхдээ Одвайераас гадна Абимбола өөрийн бусад эгч, дүүг хамт авч иржээ. Хүүхнүүд удалгүй санаа нийлсэн сайхан яриа хөөрөө өрнүүлсэн байна. “Хэзээ ч цөхрөх хэрэггүй гэдгийг би хэлмээр байна. 51 жилийн тэртээ миний ээж тодорхой шалтгаанаар бяцхан охиноо айлд үрчлүүлж л дээ. Ээж маань үрчлүүлсэн охиныхоо тухай бидэнд үргэлж ярьж өгдөг байсан” гэж Абимбола хэлжээ.
“Миний мөрөөдөл биелэлээ. Энэ вирус үнэхээрийн аюултай ч өвчин гараагүй бол эрлээ үргэлжлүүлэх зав чөлөө надад гарахгүй байсан. Ээж минь одоо ч амьд сэрүүн байгаа. Биднийг эгчийгээ олсонд тэр маш их баярласан” хэмээн Абимбола бүсгүй ярьсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ