Энхийг сахиулагчид “Мармал баазын аварга шалгаруулах-2020” тэмцээнд амжилттай оролцлоо

ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс мэдээ ирүүллээ. Дэд хурандаа Э.Билэгсайхан захирагчтай тус цэргийн багийнхан үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэхийн сацуу эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлахад олон бүтээлч ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор байна.

Тэд “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын  ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Мармал баазын аварга шалгаруулах-2020”  тэмцээнд 25 километрийн маршид гүйж, хэд хэдэн төрөлд нь амжилт үзүүлжээ.  Тухайлбал,  Нидерланд улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас зохион байгуулсан “Хүчирхэг залуу” тэмцээнд АНУ, ХБНГУ, Хорват, Гүрж, Белгийн вант улсын цэргийн багуудтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс ахмад Б.Банзрагч /Зэвсэгт хүчний 150 дугаар анги/,  дэслэгч Г.Гантулга /Зэвсэгт хүчний 084 дүгээр анги/, ахлагч А.Биндэрьяа /Зэвсэгт хүчний 032 дугаар анги/, ахлагч А.Батбаяр /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/ нарын Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарсан байна. Тэргүүн байрт Белгийн вант улс, гуравдугаар байрт АНУ, тусгай байрт ХБНГУ-ын баг тамирчид тус тус шалгарсан аж.

Мөн Румын улсын цэргийн багаас зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ХБНГУ, Бельги, Гүрж, Нидерланд, Латви, Унгар зэрэг орны цэргийн алба хаагчидтай өрсөлдснөөс дэслэгч Г.Гантулга /Зэвсэгт хүчний 084 дүгээр анги/ ахлагчтай, ахлагч А.Биндэрьяа /Зэвсэгт хүчний 032 дугаар анги/, дэд ахлагч Б.Батмөнх /Зэвсэгт хүчний 123 дугаар анги/, дэд ахлагч Ц.Мөнхболд /Зэвсэгт хүчний 338 дугаар анги/ нарын Монгол Улсын баг мөн л хоёрдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ