ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуурын мөнгийг малчны дансанд банкнаас шууд шилжүүлнэ
Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.
Тэрбээр, тус тогтоолоор Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг банканд шилжүүлэх юм.
Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлтгэнэ. Үүний тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК болон жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлжээ.
Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлөлттэй зээлийг авна.
Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь
- малчдын орлогыг бууруулахгүй,
- стандартын шаардлага хангасан,
- сайн чанарын ноолуур бэлтгэх,
- “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх,
- малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа сумын хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулж банканд хүргүүлнэ. Банк баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг малчны дансанд шилжүүлэх үүргийг хүлээх юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаж, Засгийн газар, Ерөнхий сайдад хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн хөнгөлөлт олгож, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Одоо журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангах үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банканд муу түүхтэй байна. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна.
Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийнэ. “Бодлогын гэрээ”-гээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгж орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа сумын хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулан банканд хүргүүлнэ. Банк баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ.
Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдад хандан хямд үнээр яаран худалдаалалгүйгээр ноолуурынхаа чанар, хадгалалтад анхаарлаа хандуулахыг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ