Коронавирусний цохилтод Италичууд хамгийн хүндээр өртөж буйн учир
Коронавирусийн цар тахалд хамгийн хүндээр нэрвэгдэж буй улс бол Итали бөгөөд тус оронд вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо Хятадад амиа алдсан хүмүүсийн тооноос бараг 3 дахин даваад байна. Үүний сацуу албан ёсны статистик мэдээлэлд нас баралтын зөвхөн батлагдсан тохиолдлыг тусгаж байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн бодит тоо дээрхээс хэд дахин олон байж болзошгүй юм.
Чухам яагаад Итали оронд коронавирус ингэтлээ хүчтэй тархаж, эмгэнэлт үр дагаврыг авчирч байна вэ?
“Соvid-19”-ээр нас барсан нэг хүний цаана ямар ч оношилгоонд оролгүй гэртээ байж байгаад уушигны хатгалгаагаар өөд болсон 3 хүн бий гэж Ломбарди мужийн Бергамо хотын дарга Жоржо Гори мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тус мужид 32 мянган хүн халдвар аваад байсан бол даваа гарагт 2 мянган шинэ тохиолдол илэрч, 400 гаруй хүн нас баржээ.
Түүнээс хойш “албан ёсны тархалт”-ын өсөлтийн хурдац бага зэрэг буурлаа. Гэвч Италийн эмч нарын холбооны хэвлэлийн төлөөлөгч Паола Педрини-гийн ярьснаар, үнэн хэрэгтээ нөхцөл байдал үүнээс долоон дор байгаа аж.
“Халдвар авсан хүмүүсийн нэлээд нь халдварын батлагдсан тохиолдлуудын талаарх албан ёсны мэдээлэлд тусгагдаагүй байдаг. Учир нь, Covid-19-ийн оношилгоог тэдэнд огт хийгээгүй. Эхний долоо хоногуудад халдварын бодит тохиолдлуудын тоо нь албан ёсны статистик мэдээлэлд дурдсанаас 5 дахин олон гэж бид үзэж байсан бол одоо 10 дахин олон болсон гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” хэмээн П.Педрини ярилаа.
Италид нийтдээ 75 мянган хүнд халдвар илэрсэн гэж тооцох аваас тус улсад халдвар авсан хүмүүсийн тоо /хэрвээ Педринигийн тооцоо үнэн бол/ дэлхийн дундаж үзүүлэлтээс давж гараад өдгөө 1 саяд дөхөж байж магадгүй.
Яагаад чухам Италид цар тахал ингэтлээ хурдан газар авч байна вэ? Одоохондоо энэ асуултад тодорхой хариу өгөх боломжгүй боловч үүнийг тайлбарлах хэд хэдэн шалтгааныг дурдаж болно.
Нууц цар тахал
Covid-19-ийн анхны оношилгоог Италид 2 дугаар сарын 20-ны өдөр Ломбарди мужийн Кодоньо хотод хийсэн байна. Тэр үед дэлхий даяар коронавирусээр 70 орчим мянган хүн өвчилсөн гэх албан ёсны мэдээлэл гараад байсан бөгөөд өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь эх газрын Хятадад байв. Үүнээс нэг сарын дараа Итали улсад Covid-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо огцом өсөж, бараг 50 мянгад хүрсэн бөгөөд 4 мянга гаруй хүн нас баржээ.
Халдварын тохиолдол огцом нэмэгдсэн шалтгааны талаар 3 дугаар сарын 20-ны өдөр Италийн хэсэг эрдэмтэд таамаглал дэвшүүлсэн байна. Тэдний хийсэн судалгаагаар, анхны оношилгоог хийсэн тэр үед Ломбарди мужийн ихэнх хотод коронавирус нэгэнт тархчихаад байсан бөгөөд вирус тээгч нэг хүн дор хаяж гурван эрүүл хүнд халдвар дамжуулж байсан аж.
Оношилгоонд хамрагдсан өвчтөнүүдийн дундаж нас нь 69 боловч тэдний дунд нэг сартай нярай ч бий, 101 настай эмэгтэй ч байв. Өвчтөнүүдийн талаас дээш хувийг нь эмнэлэгт хэвтүүлсэн ба дараа нь тэднээс 5 хүн тутмын нэг нь сэхээн амьдруулах тасагт шилжжээ.
Судалгааг хийсэн эрдэмтдийн хувьд, вирусийн халдвар яг хэзээ огцом хүчтэй тархаж эхэлснийг дурдаагүй боловч “2 дугаар сарын 20-наас бүр өмнө” хэмээн баримжаалан дурдсан байна.
Харин Филадельфийн их сургуулийн профессор Энрико Буччи илүү тодорхой гэж болохоор хугацааг хэллээ. Түүний үзэж байгаагаар бол, SARS-CoV-2 вирус Итали улсад 12 дугаар сарын дунд үед зөөвөрлөгдөн орж иржээ.
Ингэж үзэх болсон шалтгаанаа тэрбээр анхны онош тавигдсанаас хойш долоо хоногийн дараа шинжлэх ухааны блогт нийтэлсэн өгүүлэлдээ тайлбарлажээ. Тухайлбал, Кодоньо хотоос хэдхэн км-ийн зайд орших Пьяченца хотын эмнэлэгт 12 дугаар сарын сүүлчийн долоо хоногт уушигны үрэвсэл гэсэн оноштойгоор 40 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байв. Энэ талаар орон нутгийн хэвлэлд гайхшран бичиж байсныг профессор Буччи анзаарчээ.
2 дугаар сарын сүүлчээр уушигны хатгалгаа өвчин нь илааширсан өвчтөнүүдэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг биет илэрсэн нь Буччи-гийн эргэлзээ хардлагыг улам лавшруулсан аж. Өөрөөр хэлбэл, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн вируст нэр өгөхөөс өмнө дээрх хүмүүс Covid-19 –ийг тээж авчирсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүлгүй тэнгэрээс аадар орохын адилаар цар тахал Итали оронд дэгдэж эхэлснээс бүр 2 сар гаруйн өмнө коронавирус мэдэгдэхгүйгээр тархаж байжээ гэсэн үг.
Хадуур барьсан ханиад
Коронавирус Итали оронд хэрхэн зөөвөрлөгдөн орж ирсэн бэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Гэхдээ генийн судалгаагаар бол, ямартаа ч Хятадаас орж иржээ. Үүний сацуу коронавирус нь 12 дугаар сарын эхээр ба дунд үед бусад улсуудад анх нэвтэрсэн байж болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ чухамхүү Италид л халдварын үр нь “үржил шимтэй хөрс”-өн дээр буужээ.
Сүүлийн жилүүдэд улирлын чанартай ердийн ханиадны улмаас Италид нас барсан хүмүүсийн тоо /ялангуяа 65-аас дээш ахимаг насны хүмүүс/ Европын дундаж үзүүлэлтээс бараг хоёр дахин их байгаа юм. Тодруулбал, 2013-2017 оны хооронд дэгдсэн ханиадны цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн тоо дундаж үзүүлэлтээс 70 орчим мянгаар илүү байжээ.
2016-2017 оны өвлийн улиралд ханиаднаас үүдэлтэй нас баралтын тоо Итали улсад 100 мянган хүн тутамд 40 байжээ. Харьцуулваас: дэлхийн дунджаар хөхний ба түрүү булчирхайн хорт хавдраас үүдэлтэй нас баралт 100 мянган хүн тутамд 10 тохиолдол байдаг. Халуун хумхаа өвчний тухайд уг үзүүлэлт 20 байдаг бол сүрьеэ өвчний 25 тохиолдол, ДОХ-ын 40 тохиолдол илэрдэг байна.
Италид ханиаднаас үүдэлтэй нас баралт их байгааг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болохоор.
Юуны түрүүнд, энэ нь хүн амын дундаж настай холбоотой. “Италид маш өндөр настай, эрүүл мэндийн хувьд нэн дорой өвчтөнүүдийн тоо олон байдгийг тооцож үзвээс нас баралтын түвшин өндөр байгаа нь санамсаргүй хэрэг биш” гэж судлаачид ярьж байна. Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Италийн өвчтөнүүдийн дундаж нас 63 байгаа бол Германы өвчтөнүүдийнх 45 байна.
Байж болох хоёрдахь шалтгаан гэвэл, италичууд төрөл бүрийн антибиотикийг маш ихээр хэрэглэдэгтэй холбоотой байж мэднэ. Эдгээр эм нь вирусийн эсрэг үйлчилгээгүй боловч резистент халдвар үүсэхэд нэрмээс болдог байна. Ийм халдвар нь хүнд өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг улам доройтуулдаг.
Статистик мэдээллээр бол, италичууд Европын Холбооны бусад улсын иргэдтэй харьцуулахад дунджаар 1,5 дахин их хэмжээний антибиотик уудаг бол Италийн фермерүүд малаа эмчлэхдээ 2 дахин их антибиотик хэрэглэдэг ажээ. Тэгэхээр Италийн эмнэлгүүдэд резистент халдварын тохиолдол 2 гаруй дахин олон байгаад гайхах хэрэггүй. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, коронавирусийн үр урьдаас сайтар бэлтгэгдсэн хөрсөн дээр буусан байна.
Өөр нэгэн шалтгааныг дурдая. Шинжээчдийн үзэж байгаагаар, Милан хотод 2 дугаар сарын 19-нд болсон хөлбөмбөгийн тоглолт нь халдвар тархахад ноцтойгоор нөлөөлжээ. Тоглолтыг үзэхээр Бергамо хотоос 50 орчим мянган хүн Миланд ирснээс ихэнх нь нийтийн тээврээр зорчсон байна. Коронавирусийн халдвар авсан анхны итали хүн болох Алзано Ломбардо тэмцээн болсны маргааш өдөр нь халдвартай гэж оношлогджээ.
Б.Адъяахүү sonin.mn
Эх сурвалж: http:// https://www.bbc.com/russian/features-52018493
СЭТГЭГДЭЛ БИЧИХ