ОУОХ: Зуны олимпын наадам хойшлох нь тодорхой болов
Олон Улсын Олимпын Хороо энэ зун зохион байгуулагдах “Токио 2020” зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдээлэл хүлээж авснаа тус хорооны гишүүн Дик Паунд өчигдөр хэвлэлд ярилаа. Канад болон Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс “Токио 2020” наадамд оролцохгүй болсноо өчигдөр албан ёсоор зарласан юм.
“ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд өчигдөр "USA Today" сонинд өгсөн яриандаа дурджээ. Мөн тэрээр зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Олимпын наадам хойшилбол зохион байгуулагч оронд том цохилт болох юм. Япон улс энэ арга хэмжээнд $12 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд спонсорууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олох асар их орлого хүлээгдэж байгаа. ОУОХ болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь явуулахаа олон удаа мэдэгдэж байсан ч үндэсний олимпын хороод, спортын холбоод, тамирчдын шахалтаар хойшлуулах асуудлыг нэг сарын дотор ярилцаж шийдэх товыг гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ