Токиогийн Олимпыг хойшлуулж магадгүй
ТОКИО. /BBC/. “Токио-2020” Олимпын наадмыг шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас энэ оны сүүл хүртэл хойшлуулж магадгүй гэж Японы Олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото мягмар гарагт мэдээлжээ.
“Токиогийн засаг захиргаа, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ хооронд байгуулсан гэрээнд Олимпын наадмыг 2020 онд багтаан зохион байгуулах талаар тусгасан тул хойшлуулах боломж бий” гэж С.Хашимото хэлсэн байна.
Токиогийн Олимпыг ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм. “Бид Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна” гэж С.Хашимото нэмж хэлжээ.
Олимпыг зохион байгуулах гэрээний дагуу ОУОХ наадмыг цуцлах эрхтэй юм. “Токиогийн Олимп амжилттай болно гэдэгт манай байгууллага итгэлтэй хэвээр байна. Тамирчид итгэл дүүрэн, эрч хүчтэйгээр бэлтгэлээ үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгдсэн байна.
Коронавирусний халдварын улмаас спортын олон томоохон тэмцээнийг цуцалж, хойшлуулсан юм. Хятадад анх дэгдсэн коронавирусний халдвар дэлхий 70 гаруй оронд тархаж, уг халдварын улмаас 3000 гаруй хүн нас баржээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ