Өчигдрөөс Хубэй мужид хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн гамшгийн голомт болоод байгаа төв Хятадын Хубэй мужид Ням гарагаас эхлэн хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлжээ.

Мужийн төв Ухань хот болон түүний ойр орчмын 200 орчим суурин газрын нийт 24 сая хүнд уг дэглэм үйлчилж байна.

Нийт 58 сая орчим хүн амтай Хубэй мужид Хятад даяар илэрсэн коронавирусийн халдварын 80 гаруй хувь, нас баралтын 96 хувь оногдож байгаа юм.

Шинэ дэглэмд хамрагдсан бүх тосгон суурингууд зөвхөн ганц гарцаар иргэдийг оруулж, гаргаж байхаар болжээ. Ингэхдээ гаднаас хүн нэвтрүүлэхгүй ба өрх бүрээс зөвхөн нэг хүнийг гурван өдөр тутамд нэг удаа суурингаас гарч, зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн бараа худалдаж авахыг нь зөвшөөрсөн байна. Том хотын хороолол, хотхонуудад мөн ийм журам хэрэгжих гэнэ.

Өөрөөр хэлбэл иргэдийг гэрт нь бүрэн хорих арга хэмжээ хэрэгжиж эхэлжээ. Автомашин, тээврийн хэрэгслүүдийг хориглож, гудамжаар зөвхөн цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд явах юм байна. Хурим, олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглож, оршуулгын ёслолыг цомхон хүрээнд гүйцэтгэж байх журам гарчээ.

Гурван долоо хоног орчмын өмнө Хятадын эрх баригчид Ухань хотыг гадаад ертөнцөөс тусгаарлах шийдвэр гаргаж байв.

Хөл хорионы хатуу дэглэм хэр удаан үргэлжлэх тухай мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post ikon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ