Халдварын тоог бүртгэх аргаа өөрчилснөөс Хубэй мужид шинээр өвдсөн хүмүүсийн тоо 10 дахин өслөө
Шинэ коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужийн эрүүлийг хамгаалах газар өнөөдрөөс эхлэн шинээр халдвар авсан иргэдийн тоог бүртгэх аргаа өөрчилжээ.
Үүний үр дүнд сүүлийн 24 цагийн хугацаанд тус мужид шинээр халдвар авсан хүний тоо өмнөх өдрөөсөө бараг 10 дахин нэмэгдэж, 14,840 болсон байна.
Мөн халдварын улмаас нас барсан хүний тоо нь өмнөх өдрөөсөө хоёр гаруй дахинаар нэмэгдэж, 242 болжээ.
Ингэснээр Хубэй мужийн нийт халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар 48,206, нийт нас барсан хүний тоо 1,310 болж байна.
Өмнөх өдөр нь буюу Мягмар гарагт Хубэй мужид халдварын 1,638 шинэ тохиолдол, нас барсан 94 тохиолдол бүртгэгдэж байжээ.
Өмнө нь зөвхөн оношлуурын тусламжтай илэрсэн тохиолдлуудыг бүртгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эмнэлзүйн оношоор илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болсон тухай Хубэй мужийн эрх баригчид тайлбарласан байна.
Өнөөдрийн тоон мэдээллийн дараа дэлхий даяар коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 60,062 хүн, нас барсан 1,363 хүн байгаа бол эдгэрсэн 5,680 хүн байна.
Эх сурвалж: South China Morning Post ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ