Онцгойгийн сувиллыг онцгой нөхцөлд нь ашиглая
Коронавирусын дэгдэлтийг сааруулж, сэргийлэхийн тулд улс орнууд бүх эрсдэлийг хааж байна. Халдвар тархсан бүс нутаг буюу Хятадад сүүлийн 14 хоног зорчсон болон дамжин өнгөрсөн бол нэвтрүүлэхгүй гэдгээ улс орнууд мэдэгдлээ. Мөн олон аялагчтай хөлөг онгоцыг хүлээж авахаас ч татгалзаж байна. Коронавирусын 135 халдвар бүртгэгдсэн Йокохамагийн ойролцоох хөлгийг тусгаарлаад байгаа бол Тайланд улс “Holland America” компанийн Westerdam аяллын хөлгийг боомтдоо хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэв. Энэ мэтээр коронавирусын халдвараас сэргийлж сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж байна.
Тэгвэл өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож буй манай улс коронавирусаас сэргийлэхийн тулд орж ирэх магадлалтай бүх нүх сүвийг хаахаас аргагүй боллоо. Үүний хамгийн гол цэг нь нисэх буудал. Халдвар тархсан бүс нутгийн зорчигчдоос эхлээд бүх хөдөлгөөн нисэх дээр өрнөж буй. Хэдийгээр зорчигчдыг нарийн хянаж байгаа ч Монгол орны газар сайгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж иргэдийг айдаст автуулсан хэвээр. Өөрөөр хэлбэл, халдварын сэжиг илэрсэн хүмүүсийг нисэх буудлаас ХӨСҮТ рүү хотын төвөөр зөөх нь эрсдэлийг улам нэмж байгаа юм. Коронавирусын халдвар агаар дуслын замаар дамждаг. Нэг хүн 5-6 хүнд халдаах магадлалтай гэсэн судалгааг эрдэмтэд танилцуулаад байна. Хятадын судлаачдын гаргасан шинэ мэдээллээс үзэхэд уг вирус нь агаар дуслын замаар халдварлахаас гадна шүлс, шээс, өтгөнөөр дамжиж тархдаг байна.
Энэ нөхцөлд онгоцноос буусан сэжигтэй тохиолдлуудыг хүн амын тал нь амьдардаг нийслэл рүү нэвтрүүлж ХӨСҮТ рүү зөөх нь аюултай. Харин нисэх буудлын цаад талд байгаа бэлэн сувиллыг ашиглах нь зүйтэй юм.
Энэ нөхцөлд онгоцноос буусан сэжигтэй тохиолдлуудыг хүн амын тал нь амьдардаг нийслэл рүү нэвтрүүлж ХӨСҮТ рүү зөөх нь аюултай. Харин нисэх буудлын цаад талд байгаа бэлэн сувиллыг ашиглах нь зүйтэй юм.
ОБЕГ-ын харьяа зургаан давхар барилга бүхий Жаргалант сувиллыг анхнаасаа онцгой нөхцөлд ашиглахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ойролцоо барьсан гэдэг. Тиймээс сэжигтэй хэмээн тусгаарласан хүмүүсээ нисэхээс зүүн тийш долоон км газарт Богд уулын Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын амралтын газар аваачиж эмчлэх, хөл хорио тогтоох нь оновчтой юм. Тэнд эмнэлгийн багаа байрлуулахад л эмчилгээ, сувилгаанаас эхлээд бусад бүх зүйл бэлэн. Бусад улс орны жишиг ч ийм байдаг.
Анх Жаргалант сувиллын барилгыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын транзит зочид буудлын зориулалтаар 2004 онд ИНЕГ-ын санхүүжилтээр зургаан тэрбум төгрөгөөр барьсан. Дараа нь 2009-2010 онд С.Батмөнх даргын үед 1.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтээр барьж дуусган, их засвар тохижилт, тоног төхөөрөмжөөр хангаж амралт сувиллын цогцолбор болгож ашиглалтад оруулсан гэдэг.
Тухайн үед Иргэний нисэхийн системийн ажилчид олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн гэрчилгээжсэн байх шаардлагыг хангах зорилгоор барьж үйл ажиллагаагаа явуулж байтал 2016 онд Зам тээврийн сайд М.Зоригт, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа нар онцгой байдлын газарт шилжүүлжээ. Тиймээс онцгой байдлын амралт сувиллын газрыг одоо л онцгой нөхцөлд нь ашиглая. Ингэж байж л коронавирусын халдвар тархаж мэдэх гол цэгийг хааж чадах юм.
С.Сумъяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ