ОРХИГДСОН ХОТООС ЯРЬЖ БАЙНА: Би үнэхээр цөхөрч гүйцлээ
Шинэ төрлийн коронавирусын халдварын голомт болох Ухань хотыг “Сүнстэй хот”, “Чөтгөрийн хот” гэж нэрийдэх болжээ. Өдөрт хэдэн арван хүн уг вирусын улмаас нас барж, цаг, минут тутамдолон мянган шинэ тохиолдлын тоо нэмэгдэн хүрээгээ тэлж байгаа нь дэлхий даяар онц байдал зарлахад хүргээд байгаа билээ. Халдварын голомт болсон Ухань хотоос Хятадын иргэн бодит нөхцөл, байдлын талаар дараах тайлбарыг хүргүүлж, цахим орчинд байршуулжээ. Энэ талаар South China Morning Post мэдээлснийг орчуулан бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Гэр бүлийнхнээ үхэхийг харах ёстой болж байна”
“Халдвараар өвчилсөн маш олон хүн, бүхэл бүтэн гэр бүлээрээ халдвар авсан хүмүүс одоо болтол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй байна. Би үнэхээр цөхөрч гүйцлээ.
SCMP: “Ухань хотын эмнэлгүүд коронавирусын тархалттай тэмцэж байна. Эмнэлгийн нөөц хангамж, тэр дундаа тусгай хамгаалалтын хувцас хэрэглэлийн хомсдол хэдийнэ бий болжээ.Ухань хотын оршин суугчид орхигдсон нөхцөл байдалд байгааг The South China Morning Post мэдээлэв"
-Би Ухань хотод төрж, өссөн. Манай гэр бүлийнхэн Hankou-д амьдардаг. Би 30 настай ч эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Эхлээд миний хүү халуурсан. Гэхдээ тухайн үед би уушигны хатгалгаа байсан эсэхийг мэдээгүй. Хэдэн өдрийн дараа би болон ээж маань халуурч эхэлсэн. Тэгээд эхнэр маань хүүгээ дагуулаад өөрийнхөө эцэг эхийнхээ гэрлүү явсан. Тэдэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учраас эмнэлэг рүү яваагүй юм. Би ээжийгээ Hankou дүүргийн эмнэлэгт аваачсан ч түүний өвчинд тус болсонгүй.
-Тэгээд Wuchang-ны нэгэн өөр эмнэлэгт ажилладаг эмч найз маань над руу залгаад хүрээд ир гэсэн юм. Бид үнэхээр азтай байсан. Ээж минь тэр өдөр эмнэлэгт хэвтсэн. Би эмчид “Бид гурвуул халдвар авсан байж болзошгүй” талаар хэлсэн. Эмч үүнд санаа зовж байсан бөгөөд компьютер томографын шинжилгээ хийлгэхийг хүссэн. Би түүнд бид бүгд хамт амьдардгаа хэлэхэд биднийг вирусыншинжилгээнд хамруулахыг хүсэв. Шинжилгээний хариу дор хаяж гурван өдрийн дараа гарахаар байлаа. Гэвч одоог хүртэл ямар нэгэн хариу хэлээгүй байна. Дараагаар нь аав маань мөн адил өндөр халуурлаа. Гэвч түүнийг хэвтүүлэх ор олж чадсангүй. Дүүргийн захиргаа эсвэл харьяа хорооноос тусламж авахыг хүсэж байгаа бол биднийг халдвар авсан гэх нотолгоотой байх ёстой гэж олон нийтийн хэлтсээс надад хэлсэн.
“Надад өөр сонголт байсангүй”
-Гурван өдрийн дараа, надад сонголт байгаагүй ч найз руугаа залгаж, бидний шинжилгээний хариуг харж өгөхийг хүслээ. Тэр бид бүгдийн шинжилгээний хариуЭЕРЭГ гарсан талаар хэлсэн юм. Ингээд аль нэг эмнэлэгт сул ор байгаа эсэхийг хэн нэгэн мэдэж магадгүй гэж бодсон учраас Wechat-д өөрийнхөө шинжилгээний хариу болон бусад зүйлсийн талаар нийтэлсэн юм. Найзуудын маань нэг гэрийнхээ ойролцоох эмнэлэгт ханд гэсэн. Эмчид өөрсдийнхөө цусны шинжилгээ болон компьютер томографын шинжилгээний хариуг үзүүлсэн. Эмч маань үнэхээр сайн хүн байсан болохоор эцэст нь тэр эмнэлэгт хэвтэх бичиг өгсөн юм. Гэхдээ тэр шөнөдөө багтаж аавыг маань хэвтүүлж чадахгүй талаар хэлээд маргааш өглөө найман цагт ирээрэй гэсэн. Уг нь эмнэлгийн бодлогод коронавирусын сэжигтэй болон оношлогдсон тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх тухай тусгасан байсан хэдий ч эмнэлгийн төлбөрт 800 юань (115 ам.доллар) төлсөн. Надад өөр сонголт байсангүй. Азаар эмнэлэгт хэвтэхээр болж маргааш өглөөний найман цагт эмнэлэг рүү явсан. Гэтэл тэд эмнэлэгт хэвтэх бичгийг хүлээж авахаас татгалзлаа. Яагаад вэ гэдгийг асуухад эмнэлэгт хангалттай ор байхгүй гэв. Бидэнд ямар ч сонголт байсангүй. Эмнэлгээс явалгүй ойр орчимд нь удаан байлаа. Өөрөөр хэлбэл, аав маань эмнэлэгт хэвтэхгүй байсан бол энэ бүхэн эмгэнэлтэйгээр дуусах биз.
SCMP: “Хоёрдугаар сарын 1. Залуу болон түүний аав коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Тэд шинжилгээ хийсний дараа есөн хоног хүлээх шаардлагатай болов.Тэд одоог хүртэл ээжийнхээ шинжилгээний хариуг ч мөн хүлээж байгаа юм”
“Эрх баригчид хариуцлага хүлээх ёстой. Тэд маш олон зүйлийг нуун дарагдуулсан”
-Засгийн газар Хуанений далайн гаралтай хүнсний захыг халдварын төв гэж мэдэгдсэн. Гэхдээ бидний хэн нь ч тэнд байгаагүй. Орон нутгийн засаг захиргаа үнэхээр аймшигтай зүйл хийжээ. Анхандаа хүнээс хүнд дамжих шинж тэмдэг илрээгүй, бид урьдчилан сэргийлж, тархалтыг хянана гэж байсан. Нэгдүгээр сарын 23-нд Уханьд хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоолоо. Энэ нь машинтай айл, өрхүүдэд нөлөөлсөнгүй. Гэвч өөрийн гэсэн машин тэрэггүй хүмүүс эмнэлэг рүү алхахаас өөр сонголт байхгүй. Төсөөлж байна уу? Тэдгээр настай хүмүүс эмнэлэг рүү алхаж очдог. Эмнэлгээс хаа хол амьдардаг хүмүүс хоёр, гурав эсвэл бүүр дөрөв түүнээс ч илүү километр алхах хэрэгтэй болж байна. Эрх баригчид хариуцлага хүлээх ёстой. Тэр ойлгомжтой. Тэд маш олон зүйлийг нуун дарагдуулсан. Гэхдээ одоо бол юуг ч нуун дарагдуулж чадахгүй ээ.
-Өөр зүйл гэвэл, Статистик мэдээлэлд ямар нэг алдаа гарсан. Эмнэлгүүдэд уг вирусыг шалгах хангалттай хэрэгсэл байгаагүйг би олж мэдсэн. Маш олон хүний оношийг зөв тогтоож чадаагүй учраас тэд эмнэлэгт хэвтэж чадахгүй байна. Надад хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн учраас миний бие одоогоор дээрдэж байна. Би өөртөө огтхон ч санаа зовохгүй байна. Харин эцэг эхдээ л маш их санаа зовж байна. Хэрвээ тэд эдгэрэхгүй бол би яах вэ? Би юу ч хийж чадахгүй. Халдвараар өвчилсөн маш олон хүн, бүхэл бүтэн гэр бүлээрээ халдвар авсан хүмүүс одоо болтол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй байна. Цөхөрч гүйцлээ. Энгийн хүмүүст энэ дэндүү харгис байгааг мэдэж байна уу? Хэн ч чамайг аварч чадахгүй. Гэр бүлийнхнийгээ үхэхийг харах ёстой болж байна. Чи юу ч хийж чадахгүй...
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST Ц.Анударь medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ