Коронавирусний эсрэг эмийг туршина

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Үндэсний эрүүл мэндийн комисс, Үндэсний эрүүл мэндийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан удирдах газар шинэ төрлийн коронавирусний эсрэг “Ремдесивир” эмийг эмчилгээний туршилтад ашиглах зөвшөөрөл олгожээ.


Ийнхүү уг эмийг 2019-nCoV” коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа туссан өвчтөнүүдэд пүрэв гарагаас уулгаж эхлэхээр болсон байна.


“Ремдесивир” эмийг Америкийн эмийн бүтээгдэхүүний “Gilead Sciences” компани бүтээсэн гэж Эмийн бүтээгдэхүүний эмчилгээний туршилтын хөтөлбөрийн ахлагч Цао Бинь лхагва гарагт Хубэй мужийн “Ухань Жиньиньтань” эмнэлэгт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Өмнө нь “Ремдесивир”-ийг эс, амьтан дээр туршихад амьсгалын замын цочмог халтай хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/ зэрэг өвчнийг үүсгэгч коронавирусний эсрэг сайн үр дүн үзүүлсэн байна. Мөн уг эм “Эбола” вирусний халдварын эсрэг ямар үйлчлэл үзүүлэхийг хилийн чанадад туршиж байгаа ажээ. Түүнчлэн уг эм “2019-nCoV” вирусний эсрэг сайн үйлчлэл үзүүлж байгааг мэргэжилтнүүд тогтоосон байна.


Хятадад явуулсан эмчилгээний туршилтад түүврийн аргаар сонгогдсон 761 хүн оролцжээ. Уг туршилтыг Хятад-Японы найрамдлын эмнэлэг, Хятадын Анагаахын шинжлэх ухааны академийн харьяа “Materia Medica” хүрээлэн удирдсан бөгөөд цаашид Ухань хотын хэд хэдэн эмнэлэгт туршихаар төлөвлөжээ.


“Энэхүү эмэнд ихээхэн найдлага тавьж байгаа хэдий ч эмчилгээний туршилт хэр үр дүнтэй болохыг хүлээх хэрэгтэй” гэж Хятадын Инженерингийн академийн дэд ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Вань Чэнь хэлсэн байна. 

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ