Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр тохиодог. Дэлхий нийтээр уг өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай хуульдаа өөрчлөлт оруулан, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ. Хорт хавдрын эрт илрүүлэх төрийн бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Монгол Улсад жилд 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Насанд хүрэгчдийн хувьд элэгний В, С вирусийн халдвартай бол элэгний хорт хавдар, ходоодны хеликобактеритай бол ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэх мэтээр мэдэж болдог бол хүүхэд яагаад хорт хавраар өвчилдөг шалтгаан өнөөг хүртэл тодорхой болоогүй төдийгүй хүүхдэд тохиолдох хорт хавдраас сэргийлэх боломжгүй гэж үздэг байна. Чернобылийн Атомын цахилгаан станц дэлбэрч их хэмжээний цацраг идэвхит бодисын нөлөөгөөр тухайн бүс нутагт бамбай булчирхайн хорт хавдартай хүүхэд олон мянгаар төрсөн тухай ДЭМБ-аас мэдээлсэн байдаг. Мөн нүдний хорт хавдар өвчин удамшдаг болох нь судалгаараар тодорхой болжээ. 

ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталж, улс орнуудыг хүүхдэд тохиолдох хорт хавдрыг эмчлэхэд анхаарал хандуулахыг уриалжээ.

“Хүүхэд болон насанд хүрэгчдийн хорт хавдар маш их ялгаатай. Хүүхдийн хорт хавдрыг эмчлэх бүрэн боломжтой, эмчилгээ үр дүнтэй болох нь батлагдсан бол насанд хүрэгчдийн хавдар өвчлөлийнхөө сүүлийн шатанд орсон бол аврагдах магадлал бага. Иймд ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталж, улс орнуудыг хүүхдэд тохиолдох хорт хавдрыг эмчлэхэд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Уг хөтөлбөртөө 2030 онд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэх, 10 жилийн хугацаанд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, сая хүүхдийг амийг аврах зорилт дэвшүүлжээ. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй орнуудад хорт хавдраар өвчилсөн хүүхдийнхээ 80 хувийг эмчилж байгаа бол манай улсын тухайд энэ үзүүлэлт 20 хувьтай байна” хэмээн Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан онцлов. 

МОНГОЛД: 0-14 насны хүүхдэд тохиолдож буй хорт хавдар /2019 оны статистикаар/

Манай улсын хувьд хүүхдийн цусны болон бусад хорт хавдрын эмчилгээг ЭХЭМҮТ-д хийдэг бол тархины хорт хавдрыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийж байна. Хүүхдийн хавдрын эмчилгээний үр дүн хөгжсөн орнуудад өндөр байгаа нь тэдгээр улс орнууд хүүхдийн хавдрын талаар авах арга хэмжээний нэгдсэн бодлого төлөвлөлттэй ажилладагт байна. Монгол Улсын хувьд Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа ч энэ хөтөлбөрт хавдартай хүүхдийн асуудлыг шийдвэрлэх нэг ч заалт үгүй. Хүүхэд ч томчуудын адил хорт хавдраар өвчилж, зовж шаналдгийг шийдвэр гаргагчид мэддэггүй бололтой.

Хүүхэд нь хорт хавдраар өвчилснөөс болж нэг ч гэр бүл санхүүгийн эрсдэлд орж, ядууралд өртөх ёсгүй гэж олон улсын түвшинд үздэг ч Монголын хүнд өвчтэй хүүхэдтэй гэр бүлд энэ эрсдэл бодитоор нүүрлээд байна.

Хавдар зөвхөн томчуудад тохиолддог өвчин биш бөгөөд хавдартай хүүхдэд урт хугацааны эмчилгээ, өртөг зардал шаарддаг учир ийм эмгэгтэй хүүхэдтэй гэр бүлүүд эдийн засаг болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ордог төдийгүй, эцэст нь энэ хөнөөлт өвчинд ялагдаж үлддэг эмгэнэлт хувь тавилан Монголын олон гэр бүлд тохиож байна.

Хүүхэд нь хорт хавдраар өвчилснөөс болж нэг ч гэр бүл санхүүгийн эрсдэлд орж, ядууралд өртөх ёсгүй гэж олон улсын түвшинд үздэг ч Монголын хүнд өвчтэй хүүхэдтэй гэр бүлд энэ эрсдэл бодитоор нүүрлээд буй билээ. Монгол Улсын Үндсэн хуульд 0-18 насны хүүхдэд төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ хэмээн заасан ч хүнд өвчтэй хүүхдүүдийн хувьд энэ лоозон төдий юм.

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний хувь өндөртэй орнуудад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах бодлогын баримт бичигтэй байдаг. Хүүхэд залуучуудын орон Монгол Улсад ч хүүхдэд тохиолдох хорт хавдрын эмчилгээний орчин үеийн технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, эмчилгээний өртөг зардлыг гэр бүлд дарамт багатайгаар шийдвэрлэх тал дээр төрийн бодлого, шийдвэр үгүйлэгдэж байна.

gogo.mn Э.Оргил


СЭТГЭГДЭЛ БИЧИХ