ОХУ Хятадын коронавирусийг хамгийн аюултай өвчнүүдийн тоонд оруулжээ

      Хятадын коронавирусийг хүнд аюултай өвчнүүдийн жагсаалтад оруулсан байна. Оросын ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зохих тогтоолд гарын үсэг зуржээ. Тийнхүү Орос улс  коронавирусийг  Хүний дархлал хомсдлын вирус, тахал зэрэг өвчинтэй адил гэж үзсэн байна. 

    Аюултай өвчнүүдийн жагсаалтыг 2004 онд гаргасан бөгөөд түүнд одоо болтол 15 төрлийн өвчин, тухайлбал Хүний дархлал хомсдлын вирус, сүрьеэ, булчин задрах тахал, боом, хумхаа, тахал өвчин багтаж байгаа ажээ.

    Хэд хэдэн орон шинэ коронавирусийн халдвартай тэмцэхэд туслахыг Хятадын эрх баригчдад санал болгоод байна. Эрх баригчид ч  вирустэй тэмцэхэд бараг дөрвөн тэрбум ам. доллар гаргажээ. Мөн хятадын иргэд өөрсдөө  ойролцоогоор 1,5  тэрбум ам.  доллар хандивласан байна.

Коронавирусийн дэгдэлт хоёрдугаар сарын сүүлчээр оргил цэгтээ хүрэх төлөвтэй байгаа хэмээн үзэж байна.

    Хубэй мужид  шинэ коронавирусээр нас барсан хүний тоо 350-д хүрч (хоногт 56 хүн нас барсан нь бүртгэгджээ),   халдвар авсан хүний тоо 11 177 болжээ. Дэлхийд нийтдээ 14,5 мянга гаруй хүн халдвар аваад байна.  Шинэ төрлийн коронавирус 24 оронд илэрч, 100 гаруй хүн өвчилжээ. Филиппин улсад халдвар авсан хоёр хүний нэг нь нас барсан байна. Энэ нь халдварын голомт болох хятадын Ухань хотоос саяхан буцаж ирсэн 44 настай эрэгтэй байжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ