ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ЭЭЖ

Ээжийнхээ нуруу, хөл рүү “фүү, фүү” гэж үлээх нь өвдөлтийг нь намдааж байгаа гэж итгэснийх байлаа. Хоёрхон настай, итгэл хайр цацруулсан охиноороо үлээлгэхэд өвчин нь үнэхээр түр зуур ч болов намддаг ч юм билүү, хэн мэдэх билээ.

БАГА НАС – ААВЫГАА “ҮДЭЖ”, ЭЭЖИЙНХЭЭ АЧААГ ҮҮРЭЛЦЭВ

Дундговь аймагтаа танилцаж, ханилсан хос хоёр бүл нэмэхээр Улаанбаатар хотод иржээ. Нэгдүгээр төрөх эмнэлэгт тэд анхны хүүхдээ, анхны охиноо өлгийдөн авсан нь Мөнхтуяа байлаа. Эрүүл энх, эсэн мэнд амаржсан тэд үнэгчлэх бяцхан үрээ аваад нутаг буцав. Тэгэхээр Мөнхтуяа Улаанбаатарт төрсөн ч “Дундговийнх”.

Олон жил айлын ганц явж, эрхлэхийн дээдээр эрхэлж, хайрлуулахын дээдээр хайрлуулж өссөн охин гэнэт л жил дараалсан гурван дүүтэй боллоо. Айлын ганцаас, айлын том гэх том хариуцлага түүнд ноогдоод удаагүй байтал аав нь ослоор  өөд болж, нөхөж баршгүй гарз тохиов. Тэр жил 2000 он байв.

Дөрвөн хүүхдээ дагуулсан, ганц залуу бүсгүй яах билээ. Налайхад байх хадмын хаяаг бараадаж, сайхан буурлуудынхаа ачаар хүүхдүүдээ хүн болголоо. Мөнхтуяа ч тэндээ арван жилийн сургуулиа төгсөж, оюутан болох болов. Гэхдээ тэр бусад хүүхдүүд шиг хүссэн сургуульдаа яаран орж, ээждээ төлбөрийн дарамт үүсгэж, дүү нартаа тус нэмэр бололгүй явахыг хүссэнгүй. Улаанбаатарт ирсэн даруйдаа ажил хийж эхэллээ. Бага дүү нь зургаан настай, дунд дүү нь найм, түүний дээд тал нь арван настай үе. Аавыгаа одсоноос хойш ээжийн хариуцлагыг үүрэлцэх гэж хичээсэн нь тэр. Дотроо түүнийг ойлгож ухамсарласан нь тэр.

Анхны ажил Оргил худалдааны төв. Дөнгөж л III, IV хороолол дахь салбараа нээхээр хоосон заал худалдаж аваад байхад нь Мөнхтуяа очжээ. Хэдхэн пэнтум компьютер, эрийлгэж өрсөн лангуунууд түүнийг угтаж, одоогийн Оргилын Ж.Ганбаатар буюу Мөнхтуяагийн хэлж буйгаар Гамбаа захирал түүнийг ажилд авчээ. Шалгалт өгөөд тэнцсэн хэдий ч бүтэн сар хов хоосон лангууг ахин дахин угааж, цэвэрлэх ажил ноогдуулав.“Тийм л нямбай хүн дээ, Гамбаа захирал” гэж тэрхэн хооронд магтаад амжив. Яагаад хэрэглэхгүй байгаа лангууг өдөр бүр, ахин дахин угаах ёстойг залуухан, жаахан Мөнхтуяа ойлгосонгүй. Гэхдээ л тэр өчигдөрхөн угаасан ч огт хэрэглээгүй лангуугаа ахин угаахдаа “Халтуурдахгүй юм сан гэж хичээж, өчигдөр угаасан юм чинь өнөөдөр ингэсхийгээд өнгөрөөчихье” гэж нэг ч удаа бодож байсангүй.

Оргилыг тэр л суурин дээрээс нь ажиллаж, дүү нараа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүртэл 11 жилийг тэндээ өнгөрүүлжээ. Түүнд гэр бүлтэй болох цаг нар байсангүй. Хөдөлмөрлөсөөр л, хөдөлмөрлөсөөр л, хичээсээр л байлаа. Гэр бүлгүй, залуу эмэгтэй тул маш шаргуу ажилласаар нэг л мэдэхэд дүү нар нь өөрсдийн гэсэн мэргэжил, боловсролтой болсон байлаа.

Харин тэр нэг өдөр өөрийг нь гэх хөгжилтэй, хайр түгээсэн нэгэнтэй танилцсан нь түүний амьдралын хань, охиных нь аав болох хүн байв. Цаг наргүй хөдөлмөрлөж, “хүн” болоход нь тусалсан ажлаасаа тэр зоригтойгоор гарч, одоо өөрийгөө хайрлах, хайрлуулах эрхийг өөрөө өөртөө сая нэг олголоо.

АНХНЫ ХАВДАР МИНЬ САЙН БАЙНА УУ?

Нөхөртэйгөө үерхээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсний дараа Мөнхтуяа баруун талын суганых нь ясан дор чигчий хурууны хумсны толио шиг жижиг бондгор зүйл мэдрэгдээд байгааг анзаарчээ. Харахад мэдэгдэхгүй, тэмтрэхээр л мэдрэгдэх бөгөөд усанд орох, хааяа дарж үзэхэд л үл ялиг мэдэгдэнэ. Гэвч түүнийг булчирхайтай болждээ гээд тоосонгүй.

Тэр нэг өдөр Японоос дотны найз охин нь ирснээр түүнийг эмнэлэгт очихыг ятгаж чаджээ. Булчирхай л гэж бодож явсан түүнд “хавдар байж магадгүй” гэх үг хүнд тусав. Маргааш нь даруйхан үзүүллээ. Эмч ч үнэхээр сэжигтэй байгааг хэлж, тэр дор нь уртаа гэгч зүүгээр хатгалт хийн гурав хоногийн дараа хариу гарахыг учирлан хэлэв. Эсийн шинжилгээний хариу “Хортой хавдар” гэж гарлаа. Итгэсэнгүй. Үгүй байлгүй дээ гэж найдав.  

Монголд андуурсан байж магадгүй гэсэн өнөөх л найдвараа өвөртлөн ээжийнхээ хамт Хөх хотыг зорьсон ч яг ижил хариу түүнд өгөв.

2015 оны есдүгээр сарын 07. Монголдоо хөхний хорт хавдраа авахуулах хагалгаанд орлоо. Эгэл жирийн, намрын нэг налгар өдөр тэр цээжээ яруулан, хавдартайгаа тэмцэв. Гэхдээ тэр ядаж хөхөө тайруулчихгүй юм сан гэх нууцхан мөрөөдөлтэйгөө мэс заслын ширээн дээр хэвтсэн юм.

Түүнийг хөхөө тайруулах эсэхийг хавдрыг нь авч лабораторид шинжлүүлж байж эмч нар шийднэ. Хэрэв хурдан ургадаг хоруу чанар өндөртэй хавдар бол хөхний бусад булчинд үсэрхийлсэн байх магадлалтай учир тайрахаас өөр аргагүй.

Б.Мөнхтуяа: “Нойрсуулах тариа хийхдээ эмч “За брэндийн дэлгүүр хэсэж байгаад ирээрэй. Арав, ес, найм…” гээд л юу болсныг мэдээгүй. Маш их зүүдэлсэн. Тухайн үед онгоцны билетийн кассд ажилладаг байсан болохоор хүмүүст билет бичиж өгөөд л, таны онгоц тэдэн цагт ниснэ шүү” гэж тайлбарлаж өгч байтал чихэнд эмнэлгийн төмөр багажнууд тачигнах чимээ дуулдаад сэрсэн. Нүдээ нээтэл дээр хоёр сувилагч багажаа цэвэрлэж байгаа бололтой, хоорондоо юм ярьж байна. Хоёр гарыг минь жаахан хүүхэд шиг өлгийдчихөж. Баруун гараа таттал гарч ирсэнгүй. Зүүн гараа сугалаад цээжээ тэмтэртэл баруун хөх байгаагүй. Тэгээд л шууд “Авчихсан байна шүү дээ” гээд уйлчихсан. Эмч маань ирж “Мөнхтуяа тайван байгаарай, хоёулаа үүнээс гоё мөөмтэй болно. Одоо анагаах ухаан хөгжчихсөн, бид нар чадна” гэж намайг тайвшруулан тасаг руу буулгалаа. Тэр өдрөөс хойш бүх зүйлтэй эвлэрсэн. Тэр хүртэл өөрөө өөртэйгөө зөрчилдөж, ийм зүйл байх ёсгүй, надад ийм юм тохиолдоогүй, яагаад, яагаад гэж өөрөөсөө их асууна. Эрүүл саруул залуу байхдаа гоё сайхан явдаг, хөх гэдэг эмэгтэй хүний гоо сайхны нэг хэсэг, хүүхэд төрүүлээд ч хөхгүй би яах билээ гэж сэтгэлээр унана. Нөхөр минь харин “Нэг хөхтэй ч хүүхдээ хөхүүлээд сайхан амьдарч болно шүү дээ” гэж намайг зоригжуулдаг байсан.

Харин түүнийг “унтаж” байх хооронд….

Эмч нар ажилласаар л байлаа. Цээжийг нь нээж хавдрынх нь хэсгээс дээж авч лабораторид шинжлүүлэх болов. Харамсалтай нь манайд улсын лаборатори байхгүй учир Нэгдүгээр эмнэлгийн бөөрөнд наалдсан хувийн лабораторид өгч, яаралтай хариу авлаа. 15-20 минутад хариу нь гардаг энэ шинжилгээ хавдрыг шингэн бодистой урвалжид оруулж, ямар хурдаар ургаж буйг нь хараад түвшнийг нь тодорхойлно. Түүний хавдар маш хурдацтай ургаж буй хортой хавдар гэдэг нь ахин батлагдлаа. Хагалгаанд орох хүртлээ найдвар тавин “унтсан” бүсгүй хэрэв гайгүй бол хөхөө тайруулахгүй үлдэнэ дээ гэх итгэл тавьсан. Харамсалтай нь арга байсангүй. Үсэрхийлсэн байх магадлалтай, булчирхайнууддаа үсэрхийлсэн байх магадлалтай гэж үзэн эмч нар хоромхон зуурт хөхийг нь тайрах шийдэлд хүрчээ.

Гэхдээ хавдрыг хэдхэн метрийн зайтай хажуугийн лаборатори руу хүргэх зам дардан байсангүй. Гайхалтай нь хэнхдэг цээжээ мэс заслын ширээн дээр дэлгэж хэвтээ эхнэрийнхээ хавдрыг нойлын цаасанд ороон бариад, төмөр хашаа давж, хурд мэдэн гүйсэн хүн эмч, эмнэлгийн ажилтан биш, түүний нөхөр байв. Хариуг эмчийн гарт атгуулсныхаа дараа нөхөр нь яарч гүйхдээ хөлөндөө хадаас зоосноо сая нэг анзаарчээ. Тэдний хувьд үхэл, амьдралын заагаар хамтдаа алхсан эхний тохиол тэр байв.

2016 оны дөрөвдүгээр сарын 26. Хагалгаанд орсноосоо хойш хийлгэсэн химийн эмчилгээ дууслаа. Тэр  энэ хугацаанд хими, туяаны эмчилгээнд 26 удаа орсон байлаа. ИНГЭЭД ТЭР ЭРҮҮЛ БОЛЛОО.

АНХНЫ ХҮҮХДЭЭ ӨЛГИЙДӨН АВЧ, ҮЛДСЭН НЭГ ХӨХӨӨРӨӨ ХҮН БОЛГОСОН НЬ

Химийн эмчилгээгээ дуусгаж, хөхний хорт хавдрыг даван гарсан бүсгүй есөн сарын дараа бие давхар болсноо мэдэв. Амьдрал тэднийг хатуу хөтүүг хамтдаа даван гарсныг нь шагнажээ. Тэд үрийн зулай үнэрлэх нь…

Хавдар, эмчилгээ, хөхөө тайруулсан гээд гэнэтийн олон үйл явдлууд бүсгүйн амьдралыг харах өнцгийг өөрчилсөн байлаа. “Надаас 7 насаар дүү энэ хүнд хэдий би хайртай ч түүний залуу насыг, амьдралыг хүндлээд өөрөөсөө явуулахаар шийдсэн”. Хүнд эмчилгээнд орж, нэг хөхгүй болчихсон, туяа эмчилгээнээс болж халцарч унасан үс нь дөнгөж л өрвийж сөрвийн ургаж яваа, хамаг гоо сайхнаа алдчихсан гэж өөрийгөө голсон нь ч нөлөөлжээ. Тэр шийдэлдээ заавал хүрнэ гэж зөрсөөр, ярилцсаар, нөхрөө явуулав.

Гэтэл цагаан сарын шинийн нэгний тэр өдөр айлчин гийчдэдээ бууз жигнэж өгөх тоолонд огиод байх нь түүний дүү охинд сэжиг төрүүлжээ. Дүү нь жирэмсэн болсон эсэхийг нь лавлахад хээв нэг үгүй гэж хариулчхаад бушуухан эмийн сан руу гүйв. Гурвын гурван тест авч халааслаад, ганцаараа нууцлан үзвэл гурвууланд нь хоёр улаан зураас томрон, тодрон үзэгдэх нь тэр.

Тэгээд л одоогийн энэ аз жаргал нь, амьд явахын хүсэл нь түүний хэвлийд бүрэлджээ.

Хосууд эргэн нийлж, Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, Интермэд зэрэг хэд хэдэн газрын хяналтад давхар орж, бяцхан бэлгээ нандигнан төрүүллээ. Аз жаргалыг авч ирсэн бяцхан тэр гүнжээ тэд “Сийлэн” хэмээн нэрийдэв.

Охиноо дөнгөж төрүүлсэн нандин мөч

ОДОО АМЬДРАЛАА БОСГОЁ

Охиноо нэг нас хүрснийх нь дараа “Одоо л амьдралаа босгож, өөрийн гэсэн ажилтай болъё” гэж амьдрал дунд ахин хөл тавихаар шийдлээ. Хадам ээжтэйгээ хамтдаа үзсэн бичлэгээс санаа авч нярай хүүхдийн зураг л авдаг студи нээхээр зориг шулуудан, бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оров. Хүүхдэд юу л хэрэгтэй, хүүхдэд юу л зориулагдсан тэр бүхнийг стандартынх нь дагуу бэлдэнэ гэж тэр зүтгэв.

Шинэхэн студийнхээ хаалгыг тавдугаар сарын 20-нд нээхээр товлож, найз нөхдөө ч урилаа. Найзтайгаа хамтран байгуулсан, хайр цацруулсан тэр өргөөг нээх өдрийг хоног тоолон хүлээнэ…

Студи ийм болов

АХИАД НЭГ ХАВДАР – ГЭХДЭЭ БИ ДАВЖ ГАРНА

2019 оны тавдугаар сарын 18.  Шөнө бөөр нь гэнэт өвдөж, түргэн тусламж дуудан үзүүллээ. Халуураагүй мөртлөө байж суухын аргагүй өвдөх тэр тарчлааныг тэсэхээс өөр аргагүй. Эмч нар дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж, хүргэж өгөхийг санал болгосон ч тэр өөрөөс нь илүү өвдөж байгаа нэгэнд туслаасай гэж түргэн тусламжийнхныг явуулав. Шөнийн гурван цагт хөлөө нэг, хоёроор зөөж алхсаар эмнэлэгт хүрч очлоо. Шөнөдөө шууд л цусны шинжилгээ өгч, үүрийн таван цагт хариу гарав. “Үрэвсэл байвч, халуурахгүй байгааг бодоход өөр нэгэн юм байна. Эхогоор харахад бөөрний тэвшинцэрийг тань хоёр булчирхай дарж, цаана нь ахиад ч хэд хэдэн булчирхай харагдаад байна. Савны гадуур жирэмсэн байж болзошгүй тул ЭХЭМҮТ-д очиж үзүүлээрэй” гэжээ. Гэвч савны гадуур жирэмслэлт ч байсангүй.

Өглөө нь тодосгогочтой томографид үзүүлээд, хариуг нь маргааш нь үзлээ. Ахиад хорт хавдар. Гэхдээ энэ удаа хэвлийд хорт хавдар үүсжээ.

“Манайхан ч түргэн авч, шинэ ажлаа найздаа даатгаж өглөө. Гадаад паспортоо бушуухан сунгуулаад Бээжин рүү нисэхээр төлөвлөж, онгоцны билетээ захиалсан ч ийм зовиуртай үедээ хол газрыг зорихгүй байх, очоод шинжилгээ өгөхөд 10-14 хоногийн дараа хариу нь гарна, хагалгаанд орсны дараа асаргаа сувилгаа их хэрэг болно, тэр эх нутаг чинь биш гэж нэгэн эмч хэлснээр Интермэдэд хагалгаанд орох болсон” гэж тэр учирлав.

Энэ үеийн сэтгэлзүйг юутай ч зүйрлэмгүй. Үнэндээ энэ удаа шантрах эрх байхгүй. Түүний төлөө бяцхан зүрх цохилж, энгэрт нь “ээжээ” гэж эрхэлж байгаа учир тэр мохсонгүй, урагш л зүтгэв. Давж гарна, чадна, гайхамшгийг бүтээнэ гэж өдөр бүр өөртөө хэлж, өглөө бүр наранд хэлж, сүү өргөсөөр л байлаа.

Ханийнх нь аав ээж энэ удаа бүхнээ зориулан тусаллаа. Хамаг зардал мөнгийг нь гаргах учраас санаа зоволтгүй бүх эмчилгээгээ хийлгээрэй гэж захижээ. Тэр юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн өөртэйгөө, өөрийнхөө хавдартай л тэмцэх ёстой боллоо.  

АХИАД ХАГАЛГААНЫ ӨРӨӨНД…

2019 оны тавдугаар сарын 28. Өдрийн 12:00 цаг. Хагалгааны ширээн дээр ахиад л хэвтлээ. Энэ удаа тэр амьнаасаа илүү хайртай бяцхан үрээ бодно, түүний төлөө амьдрах юм сан гэсэн бодол толгойноос салахгүй. Ахиад л “унтлаа”.

Орой 21:00 цаг. Хагалгаа амжилттай боллоо. Гэхдээ мэс заслын аргаар авч болох хавдруудыг л авч, бусдыг нь үлдээв. Хамгийн том хавдар нь 3.5-4 см диаметртэй, гол судасных нь хажууд байрласан тул хамаагүй оролдож болохгүй, цус алдвал амь насанд халтай. Тиймээс химийн эмчилгээгээр эмчилнэ, сэтгэл санаа хамгийн чухал гэж эмч хэлэв.

Удаан уулзаагүй найз нь эмнэлэгт гэнэтийн бэлэг барив

2019 оны зургаадугаар сарын 04. Бөөрийг дарж байсан хавдрыг бөөрөнд хүргэхгүй, тусгаарлахын тулд баруун бөөрнөөс давсаг руу нарийн гуурс суулгав. Ингээд анхны химийн эмчилгээндээ орлоо. Гэвч хоол огт идэж чадахгүй, бөөлжсөөр л байв. Нэг халбага цай уувал 1-2 литр шар өнгөтэй шингэн буцааж гаргах боллов. Юу тохиолдчихов оо.

ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ХАЖУУГААР ӨӨР НЭГ ХҮНД ХАГАЛГАА

2019 оны долоодугаар сарын 18. 40 гаруй хоног тэр бөөлжлөө. Юу ч идэж чадахгүй, юу ч ууж чадахгүй өдрүүддээ тэр дуслаар шингэн, уургаа нөхөж аргацааж байв. Эмч нар учир шалтгааныг нь сэтгэл санаатай холбон тайлбарлаж, тэр ч өөртэйгөө тэмцэж, өөрийгөө буруутгана. Тархи, ходоод хоёр холбоо хамааралтай эрхтэн учир тэр.

Энэ хугацаанд тэр 20 кг туржээ. Хөл дээрээ ч тогтож чадахгүй, нөхөртөө үүрүүлэн, тэврүүлэн ойр зуурхан эмнэлэг дотроо л явна. Ийм байдалтай охиноо өрөвдсөн ээж нь нэг л өдөр тэсгэл алдаж, эмч нар руу уйлсаар гүйж оров. “Охин минь жаахан хүүхэдтэй, 40 гаруй хоног юу ч идэж уусангүй, тасралтгүй бөөлжлөө, сэтгэл санаа нь биш байна. Хамгийн сайн дотрын эмчээ авч ирээд үзүүлээд өгөөч” гэж аргаа барсан хоолойгоор аргадангуй гуйв. Эх хүний сэтгэл өмөрч байгаа нь тэр аж.  

Эмч нар бүсгүйд тодосгогч уулгав. Рентгенд хартал тодосгогч нь ходоодны төгсгөлөөс доош явсангүй, дээр нь мэлтэлзэнэ. Ходоодны дуран ч цааш явахгүй зогсчхов. Тэнд юу байгаа юм бэ..?

Гэтэл ходоодны төгсгөл, 12 нугалаа гэдэсний амсарт наалданг үүсэж, хоол цай огт доош орохгүй байсныг арайхийн олж мэдлээ. Харамсалтай нь ийм бие султай хүнд ходоодны хагалгаа хийх боломж байсангүй, эмч нар түүнийг дийлэхгүй гэдэгт бат итгэлтэй байсан тул шууд хориглов.

Харин хоёр ч хорт хавдрын ард гарчихсан бүсгүй хагалгаанаас айсангүй. “Надад тэр хагалгааг яг маргааш хийж өг, би чадна, би давж гарна” гэж уйлсаар эмч нарыг хөдөлгөв. Маргааш нь шууд л ходоодоо тайруулж, залгуулах хагалгаанд орлоо.  

Тэр мэдээж даван гарч чадлаа. Гайхамшгийг ахин бүтээж чадлаа.

ӨӨРИЙГӨӨ АХИН ОЛОХООР БЭДРЭВ

Мөнхтуяа эмнэлгээс гарсан даруйдаа аура нөхөх бясалгалд сууж эхлэв. Сэтгэл санаагаа удирдаж, өөрөө өөрийгөө тайвшруулж эхлэв. Ходоод ч бүрэн эдгэлээ.

Хавдрын химийн эмчилгээ ч үргэлжилсээр. Томографаар харуулах тоолонд хавдар жижигсэж байгаа нь нүдэн дээр харагдаж, арваннэгдүгээр сарын 12-нд сүүлийн химийн эмчилгээндээ орлоо.

2019 оны арванхоёрдугаар сарын 02. Тодосгогчтой томографд ахин харуулахад хэвлий дэх хавдар бүрэн шимэгдэж дуусжээ. ИНГЭЭД ТЭР ЭРҮҮЛ БОЛЛОО.

Гэхдээ үүнээс хойш байнга хяналтад явж, хавдрын шинжилгээгээ өгсөөр. Шинжилгээнүүд ч хэвийн гарсаар байв.

МӨРӨӨДӨЛ БОЛСОН ХҮҮХДИЙН НОМОО ГАРГАВ

2019 оны арванхоёрдугаар сарын 27. Олон жил хадгалж явсан хүүхдийн зохиолоо ном болгож яаралтай гаргахаар шийдлээ. Хүн хэзээ ч, ямар ч шалтгаанаар энэ хорвоогоос хальж болох юм гэдгийг ойлгосон тэр хүүхдүүдэд, хүүхдэдээ зориулан гурван бяцхан баатартай “Шидэт хуудас” номоо өлгийдөн авлаа.

Шидэт хуудас номд юу өгүүлдэг вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ