Иран улс Саид Моллаейг Монголын нэр дээрээс олимпод оруулахгүй хэмээн шүүхэд ханджээ

Ираны Үндэсний олимпийн хороо, Жүдо бөхийн холбоо жүдо бөхийн 81 кг-ын жингийн тамирчин, дэлхийн аварга Саид Моллаейг “Токио 2020” зуны олимпийн наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эрхгүй хэмээн Олон Улсын спортын арбитрын шүүхэд ханджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер Тель Авивын гран пригийн үеэр энэ асуудлаар сонсголд оролцсон байна.

Саид Моллаей нь Токиод болсон ДАШТ-ий дараа эх орондоо буцалгүй үлдэж, улмаар өөрт нь дүрвэгчийн статус олгосон Герман улсад очсон. Дараа нь Монгол Улсын иргэншил авч, Чиндаогийн гран при тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдсан билээ. 

Харин Иранчууд энэ үйл явцыг хууль эрхзүйн хувьд алдаатай хэмээн үзэж байгаа юм байна. Тэд Монгол Улс Саид Моллаейд иргэншил олгохын тулд эх орноос нь зөвшөөрөл авах ёстой байсан гэж үзэж байгаа аж.

ОУЖБХ-ны ерөнхийлөгч Тель Авивын гран при тэмцээний үеэр Олон улсын спортын арбитрын шүүхийн мэдээллийг сонссон бөгөөд одоо шийдвэр гарахыг хүлээж байгаа талаар judoinside.com цахим хуудсанд мэдээлсэн байна. 

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ