Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн 11 Элчин сайдтай ТАНИЛЦ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Болгар, Чех, Франц, Унгар, Солонгос, Итали, Энэтхэг, Беларусь зэрэг 11 улсад суух Элчин сайдын асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Нэр нь яригдаж байгаа 11 Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барих бөгөөд улмаар УИХ-д танилцуулах юм. 

11 хүнийг Гадаад харилцааны сайдын саналаар Элчин сайдаар томилуулахаар санал оруулсан бөгөөд тэдгээрээс хамгийн ахмад нь Энэтхэг Улсад суух Элчин сайдаар томилуулахаар танилцуулсан Ч.Бүрэнбаяр 66 настай бол хамгийн нас залуу нь БНСУ-д суух Элчин сайдаар санал болгоод буй Ц.Өнөрзаяа 40 настай. 

Харин дипломат албанд хамгийн олон жил ажилласан туршлагатай нь Чех Улсад суух Элчин сайдаар томилохоор санал гаргасан Д.Гансүх. Тэрбээр 27 жил дипломат албанд ажиллаж байгаа юм. Энэтхэг улсад суух Элчин сайдаар танилцуулсан Ч.Бүрэнбаяр улсад 39 жил ажилласнаас дипломат албанд 1 жил ажилласан гэх үзүүлэлтээр хамгийн бага хугацааг зааж байна.

Танилцуулсан нэрсээс хамгийн олон хэлээр ярьдаг нь Франц улсад суух Элчин сайдаар санал оруулсан Б.Болормаа бөгөөд тэрбээр англи, герман, орос, франц гэсэн дөрвөн хэлээр ярьдаг хэмээн танилцуулгад нь дурджээ. 

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн 11 Элчин сайдын нэр болон намтрыг танилцуулж байна.

1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг дэвшүүлээд байна. 

Ц.Цэнгэл улсад 36 жил ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд 15 жил ажилласан 63 настай. 1983 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 1994-1995 онд Удирдлагын академид суралцаж Төрийн удирдлагын арга зүйч мэргэжил, 1996-1997 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүний менежер мэргэжил тус тус эзэмшсэн. "Тэргүүн түшмэл" гутгаар зэрэгтэй. Орос, англи хэлтэй. 

Ажилласан байдал: 

  • 1983-1990 онд Эрчим хүчний нэгдсэн засварын газрын дарга, 
  • 1990-1996 онд ТЭЦ-3 ТӨХК-д гадаад худалдаа хариуцсан менежер, 
  • 1996-2000 онд "Хасвуу" ХХК-д ерөнхий захирал
  • 2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 
  • 2006-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд 
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд "Таван толгой" ТЭЦ төслийн зөвлөх
  • 2012-2015 онд "ДСЦТС" ТУЗ-ийн дарга, 
  • 2015-2019 оны 12 дугаар сарыг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. 

2.Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг дэмжээд байна. 

Д.Гансүх нь 1969 онд Архангай аймагт төрсөн. Төрийн албанд 27 жил, дипломат албанд 27 жил ажиллаж байгаа тэрбээр 1987 онд МУИС-ийн Хэл бичгийн факултет, 1992 онд БНСУ-ын Сувон хотын Ажугийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр. Англи, орос хэлтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой.

Ажилласан байдал:

  • 1992-1999 онд ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтэст атташе
  • 1999-2000 онд Улс төрийн газарт мэргэжилтэн
  • 2000-2002 онд Бангкок дахь ЭСЯ-нд III, II нарийн бичгийн дарга
  • 2004-2007 онд Олон талт хамтын ажиллагааны газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
  • 2007-2010 онд Оттава дахь ЭСЯ-нд зөвлөх
  • 2010 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх
  • 2010-2011 онд Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээний, үнэлгээний газарт зөвлөх
  • 2011-2013 онд АОХН-ийн асуудлаарх ажлын албанд зөвлөх
  • 2013-2016 онд Вашингтон дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
  • 2016 оноос Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байна.

3.Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг дэмжсэн.

Б.Болормаа Төв аймгийн Жаргалант суманд 1974 онд төрсөн төрийн албанд 16, дипломат албанд 13 жил ажиллаж байгаа бөгөөд англи, герман, орос, франц хэлтэй. 1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн эдийн засагч мэргэжлээр, 1995-1997 онд мөн сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999-2001 онд ХБНГУ-ын Констансын их сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр тус тус суралцаж төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой.

Ажилласан байдал:

  • 2003-2005 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2006-2009 онд Женев дэх БТГ-т гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2009-2010 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дэд захирал
  • 2012-2016 онд Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх,
  • 2016-2017 онд Бодлого, төлөвлөлтийн газарт зөвлөх
  • 2017 оноос одоог хүртэл Европын газрын дэд захирлаар ажиллаж байна.  

4.Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг, 

5.Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг санал болгоод буй. 

М.Ганболд нь 1958 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Төрийн албанд 37 жил ажиллаж байгаа бөгөөд хууль зүйн ухааны доктор, орос, англи хэлтэй. 1976-1979 нд НАХЯ-ны УТД сургуулийг хуульч мэргэжлээр, 1982-1987 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999-2001 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид тус тус суралцаж төгссөн.

Ажилласан байдал:

  • 1979-1982 онд НАХЯ-ны Төмөр зам дахь Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
  • 1987-1997 онд мөн ангид ахлах төлөөлөгч, хэсгийн дарга, орлогч дарга, дарга
  • 1997-1998 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2001-2006 онд ЭЦГ-ын дарга
  • 2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга
  • 2008-2009 онд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад Суугаа элчин сайдаар ажилласан.

6.Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Жамбалдоржийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Итали улсад суух Элчин сайдад дэмжээд байгаа бөгөөд тэрбээр 1973 онд төрийн албанд 8 жил, дипломат албанд 4 жил ажиллаж байгаа, англи, орос хэлтэй. 1995 онд МУИС, 2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерландын Вант Улсын Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус дүүргэсэн. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр.

Ажилласан байдал:

  • 1996-2003 онд Мөнхийн үсэг ХХК-ны захирал
  • 2003-2005 онд Аз хур ХХК-ны захирал
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн захирал
  • 2007-2010 онд Мөнхийн үсэг групп ХХК-ны Удирдах зөвлөлийн дарга
  • 2010-2012 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2012-2015 онд Аз хур ХХК-ны ерөнхий захирал
  • 2015-2016 онд Сангийн сайдын гадаад харилцааны зөвлөх
  • 2016- оны 8 дугаар сараас Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байна. 

7.Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг

Ч.Бүрэнбаяр 1954 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Калимпонг хотод төрсөн. 1985 онд ОХУ-ын Марксизм-Леннизмийн их сургууль, 1978 онд МУИС-ийг тус тус төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш, улс төрийн дээд боловсрол мэргэжилтэй. Англи, хинди, орос, түвд хэлтэй.

Ажилласан байдал:

  • 1972-1973 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, орчуулагч, редактор, ахлах редактор
  • 1978-1991 онд мөн хороонд орчуулагч, редактор, ахлах редактор
  • 1991-1996 онд МОНЦАМЭ агентлагт Монгол мессенжер сэтгүүлийн ерөнхий эрхлэгч
  • 1997-1999 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2000-2005 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд мэдээллийн мэргэжилтэн
  • 2005-2009 онд Энэтхэг улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд төслийн удирдагч
  • 2012-2014 онд Оюу толгой компанид Олон нийт, мэдээллийн харилцааны газарт ахлах менежер
  • 2014-2019 онд Дэ Монолиан Обзервер сэтгүүлийн ерөнхий эрхлэгч
  • 2019 оны 4-8 сар хүртэл ГХЯ-нд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
  • 2019 оны наймдугаар сараас Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэгт Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байна.  

8.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг Гадаад харилцааны сайдын саналаар танилцуулан, дэмжээд байна. 

БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжээд буй Ц.Өнөрзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн улсад 15 жил ажилласнаас төрийн албанд 6 жил ажилласан. БНСУ-ын Хандонг Глобал Их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 2005 онд, мөн улсын Сөүлийн Үндэсний Их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн магистрантурт суралцаж 2006 онд төгсөн магистрийн зэрэг хамгаалсан. Олон улсын эрх зүйч, олон улсын харилцааны мэргэжилтэй. Солонгос, англи хэлтэй.

Ажилласан байдал:

  • 2006 онд “Зуучлагч товчоо” ХХК-ны БНСУ дахь төлөөлөгчийн газарт орчуулагч
  • 2006-2008 онд “Love Mongolia” ХХК-ны захирал
  • 2010-2011 онд “Гадаадад ажиллах хүч илгээх төв” Төрийн өмчит компанийн БНСУ дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн
  • 2011-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын нэг цэгийн үйлчилгээний төвд ахлах мэргэжилтэн
  • 2013-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга
  • 2017 оноос одоог хүртэл БНСУ-ын Күүкминийн их сургуулийн Улс төрийн дээд сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ Духён Хууль зүйн товчоонд Монгол иргэд хариуцсан зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас илгээсэн танилцуулгад дурджээ.  

9.Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг дэмжээд буй. 

Ч.Баттөмөр 63 настай Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Төрийн албанд 39 жил ажилласнаас 33 жилийг нь дипломат албанд ажиллажээ. 1975-1981 ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгссөн. 1991 онд Венийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн. “Онц бөгөөд бүрэн эрхт элчин” дипломат цолтой. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

  • 1981-1985 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт атташе
  • 1985-1989 онд Лондон дахь ЭСЯ-ны атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 1989-1990 онд ГХЯ-ны Европын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 1991-1992 онд Гадаад харилцааны орлогч, сайдын туслах
  • 1992-1997 онд ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газарт зөвлөх
  • 1997-2001 онд Лондон дахь ЭСЯ-нд зөвлөх
  • 2002-2008 онд Газрын тосны газрын орлогч дарга
  • 2008-2012 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал
  • 2012-2015 онд Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайд
  • 2015-2019 онд Москва дахь ЭСЯ-нд зөвлөх
  • 2019 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд гадаад харилцаа, хамтын ажиллагааны харилцааны асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байна.

10.Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар дэмжээд буй Батсүхийн Баярсайхан 1970 онд Говь-Алтай аймагт төрсөн. Төрийн албанд 24 жил ажиллаж байгаагаас 8 жилийг нь дипломат албанд ажиллассан. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2000 онд ХБНГУ-ын Байротын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хуульч, хууль зүйн ухааны доктор. “Тэргүүн шадар” дипломат цолтой тэрбээр герман, орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

  • 1995-2000 онд МУИС-ын Хууль зүйн сургуульд багш
  • 2000-2003 онд Сургалтын албаны дарга
  • 2003-2005 онд Эрх зүй, төрийн онол, түүхийн тэмхимд ахлах багш
  • 2005-2008 онд судалгааны төвийн эрхлэгч, дэд профессор
  • 2008-2012 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
  • 2012-2013 онд МУИС-ын Хууль зүйн сургуульд Нийтийн эрх зүйн тэнхимд багш, дэд профессор
  • 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захигааны удирдлагын газрын дарга
  • 2015-2016 онд БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 оноос ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байна.

11.Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилох саналыг хүргүүлсэн. 

Д.Ганболд нь Улаанбаатар хотод төрсөн 47 настай. Төрийн албанд 23 жил ажилласны 19-г нь дипломат албанд зориулжээ. Тэрбээр 1996 онд МУИС-ийн ОУХДС-ийг, 1997-1999 онд ТИС-ийг, 1999-2001 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой тэрбээр англи, орос, герман хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

  • 1996-1999 онд УИХ-ын ТГ-ын Судалгаа, мэдээлэл, лавламжийн албанд судлаач, зохион байгуулагч
  • 2001-2002 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт дадлагажигч,
  • 2002-2003 онд ГХЯ-ны Ёслолын хэлтэст атташе
  • 2003-2004 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе
  • 2004-2007 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд ГХЯ-ны Консулын газарт гуравдугаар анрийн бичгийн дарга
  • 2008-2010 онд ГХЯ-ны Дипломат ёслолын газарт дэд захирал
  • 2010-2011 онд Монгол Улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх
  • 2011-2013 Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх
  • 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт зөвлөх
  • 2014-2015 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх
  • 2016 оноос одоог хүртэл ГХЯ-ны АОДАГ-ын дэд захирлаар ажиллаж байна. 
  • gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ