Хятадаас үүдэлтэйгээр дэлхийд шинэ хямрал нүүрлэнэ гэж Дэлхийн банк таамаглаж байна
Сүүлчийн удаа 2008 онд дэлхийг санхүүгийн хямрал нөмөрч, үүнээс 5 жилийн дараа л гарч чадсан билээ. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч, Дэлхийн банкны шинжээчид ээлжит хямрал айсуй хэмээн нэгэнт таамаглаж, энэ нь өмнөхөөс бүхий л үзүүлэлтээрээ давж гарна гэж хэвлэлд бичиж байна.
ДБ-ны мэргэжилтнүүд өнөөгийн эдийн засгийн үзэгдэлд дүн шинжилгээ хийхдээ тийм ч таатай биш дүгнэлтэд хүрчээ. Юу гэвэл, ирэх хямрал өмнө нь болж байсан бүх хямралаас хамгийн ноцтой, үр дагавар нь хамгийн аймшигтай, хөнөөлтэй байх гэнэ.
Шинжээчдийн хэлснээр, төрийн мэдлийн компаниуд болон хувийнхны аль алиных нь өр эрс нэмэгдэж байгаа нь энд гол хүчин зүйл болж байгаа ажээ. Одоогийн байдлаар өр нэгэнт 246 их наяд ам. доллараас давж,энэ тоо дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүннээс (бараа, үйлчилгээний үнийн эдийн засгийн үзүүлэлт) гурав дахин их байна.
Хятад улс өрөөрөө дэлхийд дээгүүр орж байгаа бөгөөд сүүлийн арван жилд энэ өр барагцаалвал дөрөвний гурваар (255 хувь хүртэл) нэмэгджээ. Нийт өр 30 орчим их наяд ам. доллар болоод байна.
Энэ арван жилд Хятадын эрх баригчид “Хятадад үйлдвэрлэв – 2025” гэсэн стратегийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Хятад улс гадаадын компаниудыг худалдаж авах болсон юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хятадын бизнесменүүд мөнгө зээлэхэд хүрчээ. Тийнхүү эцэст нь, сүүлийн нэг жилд хувийн секторын өр 3,8 хувиар өссөн байна.
Зээлийг төрийн мэдлийн компаниудаас биш, харин “далд банкинг”-ийн төлөөлөгч компаниудаас авч байжээ. Хүн амын дунд хэтэрхий их зээл үүссэн учир, нийтийн жишигээр цаашид дахин зээл өгч болохгүйд хүрээд байна.
Тиймээс банкууд стратегиа бага зэрэг өөрчилж, банкнуудын адил хөрөнгө мөнгийг өөрөө захиран зарцуулдаг зуучлагчдад мөнгө тарааж эхлэсэн байна. Мөнгө хүүлэгчид болон брокерууд нь ийм зуучлагч болж байжээ.
Энэ арван жил гарсаар далд банкны тогтолцоо нь өөрийн үзүүлэлтээр зээлийн төрийн сектороос давж гарчээ. Энэ“далд салбар” Хятадын өрийг өдрөөс өдөрт өсөхөд хүргэж байгаа юм гэж РИА Новости агентлаг бичжээ.
Одоогийн байдлаар тус оронд “далд банкингийн” компаниудын өр нэгэнт 7 их наяд ам.долларт хүрч, улам нэмэгдсээр байгаа ажээ. Энэ хүчин зүйл нь 1997 оны томхон хямралт үзэгдлээс давж гарах дэлхийн шинэ хямрал үүсэхэд нэрмээс болж байна гэж Дэлхийн банкны шинжээчид хэлж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ