Т.Баярхүү: Ч.Сайханбилэг анх зорчсон улсаасаа өөр газар руу явсан ч байршлыг тогтоосон
Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй ярилцлаа.
-2019 он дуусч байна. Энэ онд хийсэн хяналт, шалгалтын дүнг мэдээлвэл?
-Авлигатай тэмцэх газар хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгах, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн шинжтэй 862 гомдол, мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 1250 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 149 буюу шалгасан хэргийн 11.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, шүүхээр 67 хэрэг эцэслэн шийдвэрлэсэн байна.
АВЛИГЫН ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН 11.9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫН 9.5 НЬ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ
-Энэ онд авлигын хэргийн улмаас улсын төсвөөс давсан хэмжээний хохирол учраад байгаа талаар мэдээлсэн. Хамгийн сүүлд 12 их наядад хүрсэн гэж дуулсан. Энэ талаар тодруулбал?
-2019 онд авлигын гэмт хэргийн улмаас тогтоогдсон хохирлын хэмжээ 11.9 их наяд төгрөг байна. Энэ хохирлын тухайд мөрдөн шалгах явцад нөхөн төлүүлдэг. Дээр нь прокурор болон шүүхийн шийдвэр гарсны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг тасралтгүй хийдэг. Манайд шалгагдаж байгаа хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэх ажлын хүрээнд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 130 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгө, машин, тоног төхөөрөмжийг битүүмжлэн хамгаалсан.
12 их наяд төгрөгийн 9.5 их наяд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн хүрээнд тогтоогдсон
2018 онд 663 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол энэ онд 11.9 их наяд буюу бараг 12 их наядад хүрч хохирлын хэмжээ нэмэгдсэн нь шалгагдаж буй хэргийн хэмжээ их өндөр тогтоогдсонтой холбоотой. Тухайлбал 12 их наяд төгрөгийн 9.5 их наяд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн хүрээнд тогтоогдсон.
Гэхдээ 12 их наяд төгрөгийн хохирол нь алга болсон юм биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төр өөртөө авсан учраас 9.5 их наяд төгрөг битүүмжлэн хамгаалагдсан гэсэн ойлголтод хамаарна. Ялгаатай.
-Өнгөрсөн онд хохирлын хэмжээ 663 тэрбум төгрөг байсан юм байна.
-Тухайн үед хохирол нөхөн төлүүлэлт нь мөрдөн шалгах ажлын явцад 17 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 180 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн.
-Битүүмжлэн хамгаалсан гэдэг нь эргээд худалдана гэсэн үг үү.
-Тийм. Тухайн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг арилгахад зориулна гэсэн үг.
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан гэгдэх хэргүүдэд нөхөн төлбөр тооцуулах чиглэлээр прокурорын байгууллагатай хамтран ажиллаж байна гэсэн.
-Тодорхой хэргүүдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Сүүлд илрүүлсэн ч гэдэг юм уу хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан хэрэг хэрэгсэхгүй болгосон хэд хэдэн тохиолдол гарсан. Энэ хүрээнд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах ажиллагааг иргэний журмаар хийгдэж байна. Прокурорын байгууллагатай хамтран холбогдох ажиллагааг хийж байна.
Эмчилгээнд яваад ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулсан учраас оргон зайлсан гэж үзээд эрэн сурвалжилж, байршлыг нь тогтоох ажиллагаа хийсэн
Тухайлбал, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Ононд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт хохирлыг нөхөн барагдуулах чиглэлээр ажиллан
600 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан. Мөн дараа дараагийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргийн хүрээнд хохирлыг нэхэмжлэх асуудал прокурорын байгууллагаар дамжин хийгдэнэ.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой хэргийн шалгалтын явц ямар шатанд явна вэ?
-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Холбогдох албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад шалгаж байна.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар хилийн дээс давсан ч эргэн ирээгүй байна. Энэ сард багтан ирэхгүй бол албадан авчирна гэсэн мэдээлэл байна.
-Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн шүүхэд хүсэлт гаргаад, тухайн хүсэлтийг хангасан. Эмчилгээнд яваад ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулсан учраас оргон зайлсан гэж үзээд эрэн сурвалжилж, байршлыг нь тогтоох ажиллагаа хийсэн.
Арванхоёрдугаар сарын 20-н гэхэд ирнэ гэдэг хугацаа өгсөн ч ирээгүй байна. Тиймээс ирэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн үг. Монголд авчрах асуудлыг ярина.
Анх зорчсон улсаасаа өөр газар уруу явсан гэсэн үг. Байршлыг нарийн мэдээлэх боломжгүй.
-Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэг гэж байсан. Энэ мэтчилэн шалгалтыг тогтмол хийдэг үү.
-Дипломат ажилтан мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Авлигын гэмт хэргийн тухайд ч ярьж байна. Мөнгийг хил давуулан, өөр улсын банк санхүүгийн байгууллагаар дамжуулдаг зүйл яригддаг. Манайд шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх нь АТГ-ын ажиллагааны хүрээнд илрүүлсэн хэргүүд, тодорхой хувь нь иргэд, бусдаас ирсэн гомдлын хүрээнд шалган тогтоодог.
Есөн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн
Хилийн чанад уруу гарсан хөрөнгийг буцаах, авчрах тал дээр манай байгууллага нэлээн идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сард Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагын сүлжээ АРИН-АП -ын ний VI хурлыг зохион байгуулсан.
2019 онд АТГ тус сүлжээний даргалагч улсын статустай ажилаж байгаа тул хулгайлагдсан хөрөнгийг буцаах, хилийн чанадад байгааг нь зарцаах зэрэг мэдээлэл солилцооны хүрээнд хийдэг ажлуудыг хийж байна. Манай улсын хувьд хулгайлагдсан хөрөнгийг шууд үйл ажиллагаанд оруулах бус хилийн чанад руу гарган эргүүлэн оруулж ирэх нь элбэг. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг хийж байна.
Тухайлбал, тендерт шалгаруулаад тухайн үнийн дүнгийн тодорхой хувийг авч хувьдаа ашиглах зорилгоор гаднын компанийн дансаар дамжуулан Монголд хууль ёсны хөрөнгө мэт оруулж ирсэн нь тогтоогдсон. Дунд шатны албан тушаалтны холбогдсон хэрэг 10 гаруй сая ам.доллароор яригдаж байна. Илрүүлэн, нарийвчлан шалгаж байна.
Тэгэхээр гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нуун далдлах боломж байхгүй. Үйл ажиллагаа өргөжсөн тул гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг өдөр шөнө, цаг наргүй хийж байна.
-Авлигын хэрэг буурч байна уу. Буурч байгаа ч олон улсын индекстэй зөрдөг талаар мэдээлж байсан. Энэ талаар тайлбарлавал.
-Хэргийг шууд харьцуулах нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байна. Учир нь 2017 оны 7 сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль гээд шинэ хуулийн орчинд бид ажиллаж байгаа тул нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо асар өссөн.
Дунд шатны албан тушаалтны холбогдсон хэрэг 10 гаруй сая ам.доллароор яригдаж байна
Өмнө нь өргөдөл гомдол гэж шалгадаг байсан асуудлууд одоо хэрэг бүртгэлтийн хэрэг гээд хэргийн дугаар авдаг болсон. Тиймээс өсөлт, бууралт яригдахгүй. Харин нөгөө талд хохирлын хэмжээ өссөн нь авлигын хэрэг өссөн мэт дүр зураг харагдуулж байна. Хохирлын хувьд тодорхой хэргүүд дээр учруулсан хохирол өндөр байна. Иргэд авлига албан тушаалын хэргээр мэдээлэл өгөх тоо өссөн үзүүлэлттэй байна.
-Албан тушаалтнуудын хөрөнгө орлогоос гадна зарлага, хэрэглээг бүртгэдэг болох нь зүйтэй гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатанд яваа бол?
-Жил бүр 40 мянга гаруй төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэдэг. Он гараад хоёрдугаар сарын 15-ны дотор нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ бүртгүүлэх ёстой. Эдгээрээс эрсдэлтэй, өргөдөл гомдлын журмаар заримыг нь шалгадаг. Шалгалтын хүрээнд зарлагыг шалгадаг. Бид программ шинэчлэлтийн хүрээнд нэлээд ахиц дэвшил гарсан учраас бүртгэхээс гадна хянах, шалгах чиглэлээр ажиллаж байна. Гол ач холбогдол өгч байгаа зүйл нь иргэдийн хяналт чухал, мэдээлэл өгдөг байх нь чухал.
ХОМ-т өгсөн мэдээллээсээ бодит байдал дээр хэрэглээ нь өөр байх тохиолдол бий. Орлогоосоо давсан хэрэглээтэй байгаа тохиолдолд иргэдийн мэдээлэл чухал. Энэ чиглэлд тодорхой шалгалтуудыг хийж байна.
Сүүлд нийт есөн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг татварын байгууллагатай хамтран шалгасан. Зарим нь компанийн ашгаа нуун дарагдуулсан байсныг татварын акт тавиулсан, албан тушаалаас чөлөөлүүлсэн гээд арга хэмжээ авсан.
-Авлигыг мэдээлэх 110 дугаарт мэдээлэл их ирж байна уу?
-Өмнө нь бид 1800-1969 авлигын гэмт хэргийг мэдээлэх утас ажиллуулж байсан. Тооны хувьд олон байсны дээр энгийн утасны нөхцөлөөр төлбөр тооцдог байсан тул төлбөргүй 110 дугаарын утсыг ажиллуулж байна. 110 дугаарт ирж байгаа дуудлага, мэдээлэл өсөж байна. Бид энэ утсыг олон нийтэд хүргэх, иргэдийн оролцоонд ач холбогдол өгөн ажиллаж байна.
АТГ иргэдэд суурилсан хяналтын тогтолцоог чиглүүлж ажиллаж байна
Иргэд хэрхэн авлигын гэмт хэргийн хохирогч болдог, үүнийгээ хэрхэн мэдээлэх талаар мэдлэг дутмаг. Хясан боогдуулсны улмаас хахууль өгсөн хүн хэргээ сайн дураараа хүлээвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг. Гэтэл авлига өгсөн, авсан хоёуланг нь шийтгэж байгаа тохиолдолд авлига буурахгүй гэх мэт буруу ташаа мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ мэт мэдээллийг өгч, зөрчигдсөн эрх нь хэрхэн сэргээгдэх, авч байгаа төрийн үйлчилгээн дээр эрхээ хэрхэн хамгаалах уу зэрэг мэдээллийг өгснөөр эргээд иргэдийн хяналтын тогтолцоог бий болгож байгаа юм.
Ингэвэл хулгайн сэдэлтэй хүмүүс алхах гишгих газаргүй болох юм. Түүнээс биш АТГ-ын зуу гаруй хүн бүгдийг нь илрүүлж, хянах боломж бололцоо хомс. Тиймээс АТГ иргэдэд суурилсан хяналтын тогтолцоог чиглүүлж ажиллаж байна.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ