Улс төрийн товчооны орлогч гишүүн Л.ЛАНТУУ: Ардчиллын залуусыг ямар ч байдлаар “янзлах” бололцоо байсан. Гэхдээ бидэнд тийм бодол байгаагүй юм шүү

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Л.Лантуутай ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. ардчилсан хувьсгалыг хүлээн зөвшөөрч улс төрийн товчоог огцруулж байсан махн-ын хувьд ч энэ бол чухал түүх. та бол тэр фронт дунд ажиллаж, ардчиллын залуустай нүүр тулан уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж байсан хүн. тэгэхээр ардчиллын эхэн үеийн үйл явдлаас яриагаа эхэлмээр байна?

-Тэгье, тэгье. 1984 онд Зөвлөлтийн коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Горбачёв гэдэг хүн гарч ирлээ. Горбачёв гарч ирэнгүүтээ “перестройка” гэдэг үгийг хэлж байсан. Үүнийг “өөрчлөн байгуулалт” гэж манайхан орчуулсан байгаа юм. Гэхдээ юуг яаж өөрчлөх юм, өөрчилснөөс гарах үр дүн ямар байх нь тэр үед тодорхой биш. Ер нь л өөрчлөгдөх тухай асуудал яригдаад байсан үе. 1986 онд аймаг, хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар Москвад нэг сарын мэргэжил дээшлүүлэх курсэд явлаа. Тэнд ЗХУ-ын мундаг том профессор, академикууд бид нарт лекц уншдаг байлаа. Бид ч бас энэ асуудлуудыг их ярьдаг. Ямар арга замаар юуг өөрчлөх гээд байгаа юм, гарах үр дүн юу вэ гэж асуухаар хариу хэлдэг хүн байхгүй. Перестройка гэсэн битүүхэн юм яриад байдаг. Гэхдээ яг тэр үед Ельциний талаар манай сонин хэвлэлүүдэд ч бичигддэг байсан юм. Ельцин метрогоор явж байна гэнэ, автобусанд сууж байна гэнэ, дүүргийнхээ эмнэлэг дээр очиж үзүүлж байна гэнэ гэсэн ард түмэн рүү орсон, Улс төрийн товчоо, Намын төв хороо ард түмнээс тасарсан байна гэсэн ойлголтыг харуулсан зүйл яригдаж байсан.

Манайд ч тэр, Их дэлгүүрээс баруун тийшээ явахаар оросууд их олон. Булган шуба өмссөн орос авгай нар их явж харагдана. Би ч бас боддог байв. “Юу болоод байна вэ манайх чинь оросуудаар дүүрчихсэн байна шүү дээ” гэж дотроо боддог. Тиймээс “Ер нь өөрчлөх ёстой юм байна” гэсэн ойлголттой. Тийм ойлголт ганц надад төрсөн юм биш. Улс төрийн товчооны бүх гишүүд тийм ойлголттой болж эхэлсэн байсан. За тэгээд би хойно нэг сарын хугацаанд сурчихаад ирээд Ж.Батмөнх даргад асуудлаа ярилаа. Тэр үед би Төмөр замын Намын хорооны нэгдүгээр дарга байсан үе. “Хойно ч мөн айхавтар хөдөлж байна шүү дээ” гэхэд дарга хариуд нь “Хөдлөх нь зүйтэй. Түүнийг би ойлгож байна. Гэхдээ яаж хөдлөх тухай асуудал их нарийн байна. Бид ЗХУ-ыг 70 жил дагалаа. Энд сайн юм их бий. Муу юм нь ч бага зэрэг байгаа байх. Сайн, муу хоёрыг жингийн туухай дээр тавихад нь сайн нь их. Тийм учраас бид энэ удаа хүлээцтэй хандъя. Юу болох нь вэ үзье” гэсэн байдалтай хэлсэн юм. Би ч “Ер нь ч тийм юм. Юу юу ч үгүй, ойлголтгүй зүйлд мухраар орох нь эцэстээ эх орон, тусгаар тогтнол юу болох вэ, улс орны байдал ямар хэмжээнд очихыг мэдэхгүй байж ингэж болохгүй” гэсэн юм бодлоо.

-Тэгээд удалгүй манайд ардчилсан хувьсгалыг нэхсэн уур амьсгал орж эхэлсэн биз. Улс төрийн товчоо анхны уур амьсгалыг хэрхэн хүлээж авч байв?

-Тэгээд би 1987 онд Хотын намын хорооны I дарга боллоо, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн боллоо. Удалгүй Улс төрийн товчоонд орлоо. Тэгж байтал гадуур юм хум бичээд эхэлсэн. Энд тэнд янз бүрийн бичгүүд наагаад л. Би Аюулаас хамгаалах яамны сайд Цийрэгзэнтэй уулзаад “Та нар энэ бичээд байгаа хүмүүсийг олж байна уу” гэхэд “Олж байна” гэнэ. “Сайн байна. Гэхдээ та нар тэдэнд эвгүй ширүүн байдлаар хандаж болохгүй шүү. Эд нар чинь Монголын хүүхдүүд. Юмыг нь зөв талаас нь ойлгуулж өгөх ёстой” гэсэн. Дахин хэлье, ийм ойлголт ганц надад биш, ерөөсөө тэр үеийн сайд дарга нар бүгдэд нь байсан. Өөрөөр хэлбэл, хувьсгал гэж яриад байна. Түүнийг нь бид хүлээж авахад бэлэн болчихсон байсан. Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан үе. Гудамж талбайд бичиг цаас нааж байсан бол сүүлдээ жагсаал цуглаан болоод явчихдаг юм. Тэгэхэд Хотын намын хорооныхон над дээр орж ирээд л “Та одоо үүн дээр арга хэмжээ аваач” гэж байна. Бид нар бол “Болдог юм болог” гэсэн байр суурьтай ямар нэгэн хатуу арга хэмжээ авах тухай асуудал ямар ч хүний толгойд байгаагүй. Түүнээс биш тэр үед Зөвлөлтийн цэрэг манайд байлаа шүү дээ. Манай өөрийнх ч байлаа. Тэднийг ямар ч байдлаар “янзалъя” гэсэн бол бололцоо байсан. Гэхдээ тэгэх санаатай хүн нэг ч байгаагүй. Тийм учраас тэр явдал болдгоороо болсоор өлсгөлөнд хүрдэг юм. Өлсгөлөн зарлаад Улс төрийн товчоонд тулган шаардах бичиг өгдөг юм.

-Тэр бичгийн хариуг өгөх үүрэг тан дээр ирэх хүртэл их зүйл болсон байдаг, тийм үү?

-Тулган шаардах бичгийг 1990 оны хоёрдугаар сарын 26-нд өгч байгаа юм. Тэгэхэд Улс төрийн товчооны гишүүд маш олон удаагийн уулзалтууд хийсэн. Засгийн газрын бүх гишүүд, Төв хорооны гишүүдтэй, жирийн иргэдтэй уулзлаа, саналыг нь сонслоо. Тэр дотор эд нарыг дарчих гэсэн санаа цухалзаж байсан юм байхгүй. 1990 оны гуравдугаар сарын 5-ны өдөр юм уу даа, Улс төрийн товчоо цугларч, Ж.Батмөнх дарга орж ирэв. “За юуны өмнө Улс төрийн товчоонд өгсөн тулган шаардах бичгийн хариу өгөх хэрэгтэй байна” гэлээ. Хариуг өгөх үүргийг Намсрайд өглөө. Намсрай “Энэ хүмүүс яагаад ингээд бужигнаад шуугиад байгаа юм. Ямар шалтгаан байна вэ. Улс төрийн товчооны бүрэлдэхүүн цөөхөн байна гээд байгаа юм уу, эсвэл их олон хуралдаж байна гээд байна уу. Эсвэл ард түмний аж амьдрал, улс эх орны хөгжил санаанд нь хүрэхгүй байна уу. Тэгвэл тэр улс орны хөгжлийг хариуцсан ямар гээч байгууллага байна вэ” гэж байна. Сайд нарын зөвлөлийг хэлж байна шүү дээ, тойруу утгаар. “Та нар нохойд барьдаг мод шиг болохгүй юм болохоор л намаа барьж өгдгөө боль” гэсэн зүйл хэлсэн юм. Энэ бол Сайд нарын зөвлөлд хандсан асуудал. Тэгээд хариу өгөх хүн олдохгүй явж явж над дээр асуудал нь ирж таарлаа. Улаанбаатар хотын намын хорооны дарга, бас дээр нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр болж байгаа үйл явдал. Би ч аргагүй хүлээж авсан даа.

-Тулган шаардах бичгийн гол агуулга юу байв?

-Тулган шаардах бичигт хэд хэдэн зүйл байсан. Түр хороо байгуул, Монголбанкийг Засгийн газрын удирдлагаас гаргаж АИХ-д оруулах хэрэгтэй, Улс төрийн товчоо огцор зэрэг шаардлага байсан. Би халуун тогоонд нь байсан юм чинь ямархуу байдлаар хариулах вэ гэдгээ мэдэж байгаа. Ж.Батмөнх дарга ч надад бас жаахан семинар өгсөн. Тэгээд тэд нартай уулзсан. Тэгэхэд Ц.Элбэгдорж, “Малыш” Энхтүвшин, Э.Бат-Үүл, С.Зориг нарын хүмүүс байв. Би хэллээ, “Улс төрийн товчоо огцрох эсэх асуудлыг Намын төв хороонд бүгд хурал шийднэ” гэж. Бүгд хурал шийднэ гэхээр Улс төрийн товчоонд тийм санал орох нь байна. Хоёрдугаарт, “Түр хороо байгуулах асуудлыг Ардын их хурлын чуулган мэднэ”. Төв хорооны бүгд хурал болсны дараа чуулган болдог. Өөрөөр хэлбэл, тэдний саналыг ямар нэгэн хэмжээгээр зөвшөөрсөн маягтай тайлбар хийсэн. Монголбанкийг АИХ-ын мэдэлд оруулна гэдэг бол Засгийн газар өөрийнхөө дураар мөнгө үйлдвэрлээд явж байна гэж үзэж байгаа асуудал. Тийм учраас энэ бол болохгүй юм биш гэсэн. Тэгэхэд С.Зориг “Их сайхан хариу өглөө” гээд бид хоёр чинь бүр тэврэлдэж байлаа. Би С.Зоригт хэлсэн. “Миний дүү нар, та нар бидний хүүхдүүдтэй адил залуучууд. Асуудлаа хэдүүлээ хамтарч шийдье. Улаанбаатар хотын Намын хороо та нарын хувьд нээлттэй” гээд хэллээ. Тэгээд уулзалт өндөрлөсөн. Ингээд Хотын намын хороон дээрээ хүрээд ирлээ, утас зогсоо зайгүй дуугарч байна. Ховдын Зэрэгээс ярьж байна гэнэ. “Та ер нь наад Ц.Элбэгдоржийг бидэн рүү явуулчих. Бид бол үүх түүхээр нь мэднэ” гэж байна. Тэр бол яах вэ дээ, санаа сэтгэл нь зовсон асуудал. Өөр ч олон хүмүүс ярьж байна. Улаанбаатар хотын Намын хорооны хаалгыг чи ганцаараа мэддэг юм уу гээд намайг загнаж байна. Яая гэх вэ, хүн хүн янз бүрийн байдлаар хүлээж авсан хэрэг.

-Улс төрийн товчоо хэд, хэдэн удаа хуралдсан. Хурлын уур амьсгал чухам ямар өнгөөр асуудлыг хэлэлцэж байсан нь сонин байна?

-Тийм. Ер нь өөрчлөгдөх нь зүйтэй юм ийм л байдлаар л ярилцаж байсан. Тэгж байтал 9-ний өдөр Ж.Батмөнх дарга биднийг цуглуулаад ороод ирдэг юм. “За Улс төрийн товчоо огцоръё. Та нар ямар бодолтой байна” гэсэн. Бүгд санал нэгдэж гараа өргөсөн. Тэнд ямар нэгэн хүний сэтгэл санаа хуваагдсан, эсрэгээр байсан тохиолдол байгаагүй.

-Гурав хоногийн дотор Улс төрийн товчоог огцруулах шийдвэрийг Ж.Батмөнх дарга гаргах хүртэл их юм болсон нь мэдээж?

-Маш олон хүнтэй уулзсан. Гадаад дотоодын Элчингүүдтэй ч уулзсан байж магадгүй. Тийм учраас тэд нар бидэнтэй уулзсан хүмүүс эд нарыг дар, та нар бууж өг гэж ярьсан хүн байхгүй. Тэд нар чинь бидэнтэйгээ ялгаагүй, биднээс ч дор байж мэднэ, мэдээлэл байхгүй. Яах ёстойг мэдэхгүй байсан. Тийм учраас тодорхой зөвлөгөө өгөөд байсан зүйл лав л надад байхгүй. Яах вэ ганц нэг хүмүүс тэдний хийж байсан зүйлд жаахан сэтгэл дундуур байсан явдал бий. “Энэ нөхдүүдийг харахад ихэнх нь шорон оронгоор явж байсан, хөдөлмөрийн хамт олон дотор гологдож байсан, ер нь сахилгагүй хүмүүс голдуу байна шүү дээ” гэж байсан.

-Ж.Батмөнх гуай танд ямар чиглэл өгч байв, хурлууд дээр юуг онцолж байв даа?

-“Ерөөсөө улс төрийн товчоогоор огцоръё. Эд нар чинь бидний хүүхдүүдтэй адилхан хүүхдүүд. Бид тэдэнд ширүүн хандаж таарахгүй”. Ингэж л хэлсэн.

-Тэгвэл бусад дарга, сайд нар ямар байр суурьтай байсныг та яриач. Тухайлбал, УТТ-ны гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Намсрай гуай?

-Намсрай бол ер нь энэ нөхдийг их дэмжиж байсан байгаа юм. Яагаад гэвэл Намсрай “Намаа нохойд барьдаг мод шиг хандаж байна. Ард түмэн юуг хүсээд бужигнаад байгаа юм. Улс орон хөгжихгүй байгаа бол үүнийг хэн хариуцах вэ. Тийм асуудал байна гээд Улс төрийн товчоонд оруулж ирэх ёстой. Яагаад оруулж ирэхгүй байгаа юм” гэж хэлсэн. Тэр хурлын дараа Ж.Батмөнх дарга бид хоёулахнаа үлдэж таарав. Дарга хэлж байна. “Чи хараа биз, Намсрайг” гэж. Өөрөөр хэлбэл, Намсрай бол энэ хүмүүстэй нэг байна гэж хэлж байгаа ухаантай. Яах вэ, юу юугүй нэг тал байгаагүй. Ер нь тэр хөдөлгөөнийг дэмжих нь дэмжиж байсан.

-Сайд нарын зөвлөлийн дарга Содном гуай...

-Содном бол бас их сонин хүн л дээ. Улс төрийн товчоо огцрохоор шийдэхэд “За би Зурагт руу очлоо. Үүнийг хэлж ярьж өгнө” гэсэн удаатай. Мань нөхөр их мундаг хүн болох гэж байна шүү дээ. Ж.Батмөнх дарга зөвшөөрөөгүй.

-Ард нийтэд зурагтаар өөрийн биеэр зарлахыг хүссэн хэрэг байж. НАХЯ-ны сайд Жамсранжав гуайн санал ямар чигтэй байсан бол доо?

-Жамсранжавын хувьд нэг ийм юм болдог юм. Улс төрийн товчоо огцорвол хэнийг ямар байр сууринд тавих вэ гэдэг тусгай жагсаалт гарсан байсан. Тэр жагсаалтыг манай хотын Намын хороонд байдаг нэг нөхөр надад авчирч үзүүллээ. Ж.Батмөнх даргад би ороод хэлэхгүй юу. “Та чинь Аюулаас хамгаалах яамтай хүн. Миний хэлэх гэж байгаа зүйлийг та мэдэж байгаа. Гэхдээ Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Гадаад яамны сайд асан Гомбосүрэн, Сайд нарын зөвлөлийн даргаар П.Очирбатыг, АИХ-ын даргаар Бямбасүрэнг тавина гэсэн ийм нэр гарчихаж. Бусад бүх дарга нарыг өөрчлөхөөр гарсан байна” гэхэд Ж.Батмөнх дарга хөөрхий минь “Би ч одоо Аюулаас хамаалахгүй болоод гурван сар боллоо” гэсэн. Би тэгэхэд даргыг нэг ёсондоо өрөвдсөн. Нөгөө талаасаа “Хаашаа хүн бэ” гэж бодоод өрөөнөөс нь гарч байлаа.

-“Аюулаас хамгаалахгүй болсон” гэдэг бас л их сонин тайлбар аа?

-НАХЯ Ж.Батмөнх даргад ажлаа танилцуулахаа больчихсон байж. Уг нь тэд нар чинь бүх юмыг мэдэж байгаа. “Өдөр тутамдаа иймэрхүү байдалтай байна, ганц тэр жагсагчдын биш, ард түмний санал ийм байна шүү” гэдгийг дарга дээр орж ярьж байх ёстой гол газар. Ганц Ж.Батмөнх даргад л ярих ёстой. Гэхдээ ярьдаггүй.

-За Улс төрийн товчооны хувьд ийм байж. Ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийхөн рүү оръё. Хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүс нь хэн хэн байсан бэ?

-Гол хүн нь бол С.Зориг байсан. Ярих юм байхгүй. Тэгээд Ц.Элбэгдорж, малыш Энхтүвшин, Э.Бат-Үүл нар байсан. Р.Гончигдорж нар бол сүүлд орж ирсэн шүү дээ.

-Тэдний хүсэл сонирхол одоогийн жагсагчдаас өөр байсан нь лавтай. Харин таны харснаар?

-Би ингэж боддог хүн. Эд нар анх гарч ирэхдээ зөв санаа агуулж байж гарч ирсэн байж мэднэ гэж. Тухайн үед Р.Гончигдорж байхгүй байсан. Бусад нь бол тухайн үед улс удирдаад явчихад болмоор л байсан даа. Очирбат, Бямбасүрэн нар чинь гайгүй хүмүүс байсан санагдаад байгаа юм. Сүүлдээ тэд Ардчилсан холбооныхны ухуулгад ороод яасан уу дуалист буюу хоёрдмол шинжтэй болчихсон хүмүүс. Нэг талаасаа Ардын намын үзэл суртлыг биелүүлж байгаа юм шиг, нөгөө талаас Ардчилсан намынхныг биелүүлж байгаа юм шиг л болчихсон.

-Одоо тэр үйл явдлаас хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн өмнөх жагсагчдын өнөөдрийн төр байдлыг та хэрхэн дүгнэдэг бол?

-Яг тэр 1990 оны үед эд нар албан тушаал аваад сайхан болгоно гэж байсан. Сайхан болгох сэтгэл байсан. Албан тушаал авсны дараа өөрчлөгдөөд идэж болох юм байна гэж ойлгоод тамтаггүй идлээ дээ. Би АН-ынханд ингэж хэлдэг юм. Өс хонзонтой хүн биш шүү. Энэ хоёр нам хоёулаа том нам. Энэ хоёр нам ээлжилж энэ улс орныг авч явах болов уу. Ээлжлэхийн тулд энэ хоёр нам хоёулаа төлөвших хэрэгтэй. Ээлжлээд засаг төрийн эрхийг барьж байхдаа “Энэ чинь овоо юм хийчихлээ шүү. Гэхдээ нөгөө намаа арай гүйцсэнгүй” гэж ард түмэн үнэлэхээр. Түүнээс биш энэ хогнууд идээд дууслаа улс орныг элгээр нь хэвтүүллээ, нөгөөх нь гайгүй юм байна гэхэд хүрч байна. Тэгж болохгүй. Тийм учраас та нар төлөвш. Жинхэнэ сайн залуус өч төчнөөнөөр байгаа. Тэд нараас гаргаж ир. Хэрэг төвөгт орж байсан хүмүүсийг дэвшүүлээд байна. Энэ чинь буруу шүү дээ. Төлөвшихгүй байна гэж хэлдэг.

-Ер нь нийгэмд нэг ийм ойлголт газар аваад байна. Ардчилсан хувьсгалыг Ц.Элбэгдорж нар биш, Жамбын Батмөнх эхлүүлсэн юм шүү гэсэн утгатай зүйл яригдах болж. Таныхаар Ардчилсан хувьсгалыг хэн хийсэн юм бэ?

-Ардчилсан хувьсгалыг хэн нэгэн хүнд наалдуулж болохгүй. Яах вэ, Монгол орны гол эзэн байсан хүний хувьд цус урсгасан эвгүй юманд хүргээгүйгийн хувьд Ж.Батмөнх дарга арга байхгүй маш том гавьяа байгуулсан хүн. Тэгүүлэхийг хажууд байсан бид нар мэт сайд нар ард түмэн зөвшрөөхгүй байсан. Бүгд бид нэг үндэстэн шүү дээ. Бид нар цөөхүүлээ, цус усргана гэсэн асуудал байхгүй. Харин ардчилал манайд жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн нь ардчилсан Үндсэн хууль батлагдсаны л буян.

Үүний үр дүнд хэдэн өндөр барилгууд баригдсан байна. Энд бол буруудаад байх юм байхгүй. Хүмүүс эрх чөлөөтэй, бодсон санаснаа илэрхийлэхээс гадна хэрэгжүүлэх бололцоог нь хангаж өгсөн. Хуучин нийгмийн айхавтар ноцтой дутагдал нь улсын төлөвлөгөө гээд төлөвлөгөөний комиссын хэдэн нөхөд боловсруулаад нэг юм гаргаад тавьдаг. Түүнийг нь биелүүлнэ. Өөрөөр сэтгэж барих бололцоо байхгүй. Тэр нөхдүүдийг зөв сайхан хүлээж аваад бас өөрсдийнх нь санасан зүйлүүдийг бүтээх талаас явсан. Гэхдээ ганц Ардчилсан холбооны хэдэн хүн өлсөхөөр нийгэм орвонгоор нь эргэнэ гэж байхгүй. Угаас дэлхий нийтээр тэр үед өөрчлөгдөж байсан. Хойно өөрчлөгдсөн. Урд бол түүнээс өмнө нь өөрчлөгдсөн. Одоо Хятадыг Коммунист нам толгойлоод явж байна. Тэгсэн хэрнээ зах зээлийн эдийн засагт шилжчихсэн. Энэ бол Хятадын өөрийнх нь онцлогтой холбоотой. Бид л гэж цээжээ дэлдэх явдал буруу. Өөрсдөө зарим нэг нь ярьдаг юм, сонин хэвлэлд бичсэн байдаг. Ардчиллыг, Ардчилсан хувьсгал ганцаараа өмчлөх ёсгүй гэдэг. Тэгсэн хэрнээ зарим нэг нь Ардчилсан холбооныхон бүх юмыг хийсэн юм шиг ийм байдлаар байж болохгүй. Бод доо, хувьсгал гэдэг чинь орвонгоор нь өөрчлөгдөхийг хэлдэг. 1990 онд орвонгоор нь өөрчлөгдсөн юм байхгүй. Хүн л өөрчлөгдсөн болохоос биш бусад нь хэвээрээ байсан. Бямбасүрэнг Сайд нарын зөвлөлийн даргаар, Гончигдоржийг Улсын бага хурлын дарга болгосон байх. Гадагшаа жаахан явсан. Тэр үед цуу давсаас өөр юм байхгүй гээд байдаг юм. Тэр чинь ЗХУ бидэнд өгдөг байсан тусламжаа болиулчихсанд л байхгүй юу. Тэд чинь өөрсдөө дотроо маш хүнд байдалд орсон байсан. Харин 1992 оны шинэ Үндсэн хуулиар ёстой манай нийгмийг орвонгоор нь өөрчилсөн.

Энэ нөхдүүд засаг төрийн эрхэд гараад даанч ийм муухай юм хийнэ гэж бодоогүй. Хэний ч санаанд ороогүй. Хийх нэг өөр, хэлэх ч шал өөр юм байна. Туршлагатай хүн төр засгийн удирдлагад гардаг болохоос зүгээр нэг лааз өшиглөөд явж байсан нөхөр төр засгийн удирдлагад гаргаж болдоггүй юм байна. Ардчилсан хувьсгалын нөхдүүд дунд олигтойхон барилгын бригад удирдаж үзсэн хүн байгаагүй. Хүн удирдана гэдэг ямар хэцүүг тэд мэдэхгүй. Тэр дотроо улсыг удирдана гэдэг үнэхээр хэцүү.

-Нэг талаар тийм байх. Нөгөө талаар туршлагатай хүмүүс нь өөрчлөлт шинэчлэлтийг хийдэггүй. Хувьсгалчид ч туршлагатай хүмүүс байдаг. Сүүлийн жишээ гэхэд Хонконгийн залуусын хувьсгалыг та харж байгаа байх. Тэдний дунд төр засгийн туршлагатай хүмүүс байхгүй шүү дээ?

-Үнэн үнэн. Хүн чинь нэг арга барилдаа дасна гэж юм байна. Манай намын өөрийнх нь алдсан том алдаа бол тэр. Эр зориг муутайгаас гадна хамгийн гол нь нэг хүнийг маш олон жил байлгадаг. Улс төрийн товчоонд байсан хүмүүс ихэнх нь 20 30 жил байсан. Тэгэх хэрэггүй л байсан хэрэг. Найман жил ажиллаад л бол оо.

Б.ЭНХЗАЯА dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ