Энэтхэг улс гудамжинд дөрвөөс дээш тооны хүн хамт байхыг хориглолоо

Энэтхэг улс  Иргэний харъяаллын тухай шинэ хууль баталсны дараа томоохон хотуудад эсэргүүцсэн жагсаал болж, энэ үеэр дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас гурван хүн амиа алдаж, 1000 гаруй хүн баривчлагджээ. Шинэ хуульд Пакистан, Бангладеш, Афганистаны мусульман биш, хууль бус цагаачдад иргэний харъяалал олгох боломж олгосон заалт орсон нь эсэргүүцэх шалтгаан болсон байна. Эмх замбараагүй байдал дэгдэж хүний амь хохирсны дараа Энэтхэгийн Засгийн газар нийслэл Дели хотын тодорхой хэсгүүд, Уттар Прадеш болон Карнатка мужийн төв суурийн газруудад жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байна.   

Энэтхэг улс гудамжинд дөрвөөс дээш тооны хүн хамт байхыг хориглолоо

Жагсагчид эмх замбараагүй байдлын үеэр автобус шатаажээ. Гэрэл зураг ВВС

Эсэргүүцэгчид хуулийг эсэргүүцэж буй шалтгаанаа “Үндсэн хууль зөрчсөн, хүний итгэл үнэмшил нь иргэний харъяалал олгох үндэслэл болох ёсгүй” гэж тайлбарлаж байгаа юм. Харин Ерөнхий сайд Нарендра Моди сөрөг хүчин энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж байна гэжээ.

Сөрөг хүчний хүчтэй шүүмжлэлийн дараа өчигдөр Энэтхэгийн хотуудад хэдэн сая хүн гудамжинд гарч ирсэн бөгөөд цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Тиймээс дээр дурдсанчлан, жагсаал цуглаан зохион байгуулахыг хатуу хориглох шийдвэр гарган мөрдөж эхэлсэн байна. Ингэснээр, томоохон хот суурин газрын гудамжинд дөрвөөс олон тооны хүн хамт байхыг хатуу хориглож, чанд мөрдүүлж байгаа аж. Мөн хөл хорионы цаг тогтоож, Мангалор зэрэг хотод интернэтийг 48 цагийн хугацаатай хязгаарлажээ.  

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ