Д.Нинж: Б.Булган тэр орой юу болсныг хэлэх цаг нь болсон

Ардчилсан хувьсгалын анхны 13 тэмцэгчийн нэг, дипломатч Д.Нинжтэй ярилцлаа.

-Ардчилсан намаас Ард­чилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн арга хэмжээнүүдэд та оролцов уу?

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэж нэрлэж байгаа арга хэмжээний оройн хүлээн авалтад очсон. Сайндаа ч биш, тэнд ардчиллын анхны тэмцэгчид болох 2000 хүн байсан учраас би очсон. МоАХ-ноос намайг урьсан. Ардчилсан холбооны ерөнхий менежер, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн. Намайг үг хэлүүлнэ гэж бодоогүй байтал, МоАХ-ны анхны 13-н нэг гэж урьж, нөхдөө төлөөлүүлж үг хэлүүлсэн. Түүнд нь харин их цочирдсон, сэтгэл хөдөлсөн.

Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүн болгон тэмдэглэх ёстой. Гэхдээ цаашид Ардчилсан хувьсгал гэдэг нэрээрээ явж болохгүй. Яагаад гэхээр ардчилал гэдэг нэрийн дор 1990 оны тавдугаар сарын 6-наас хойш өөр зүйл рүү явсан. Шинэ цагийн коммунизм, социализмыг манайхаас урвасан хүмүүс МАН-тай нийлээд хэрэгжүүлсэн. Бидний тавьж байсан зорилтоос одоо өөр зүйл байгуулчихаад байна. Би ийм зүйлийн төлөө яваагүй. Тэгэхээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой” гэдэг зүйлийг хүлээж авахгүй. Улс төрийн шинжлэх ухааны талаасаа ингэж нэрлэх нь тохирохгүй. Яагаад гэхээр Монголд ардчилсан хувьсгал явагдаагүй. Хоёрдугаарт биеэ даасан ардчилсан хувьсгал гэж байхгүй.

-Та Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн даргаар 2013 оны наймдугаар сард очиж ажилласан. Би мэргэжлийн удам дамжсан дипломатч хүн. ЗХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Дэлхийн шилдэг дипломатуудыг бэлддэг сургууль. Тэнд надтай хамт найман Унгар суралцаж байсан. Оюутан байхдаа сайн найзууд байлаа. Түүнээс хойш уулзаагүй байв. Намайг Унгарт ажиллахаар очиход тэд маань том алба хашиж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Их хурлын даргын Гадаад бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга, Эксим банкны дэд ерөнхийлөгч, Гадаад харилцааны яамны улс төр, эдийн засгийн бодлого хариуцсан дарга, Төрийн холбооны газрын дарга болсон байсан.

Намайг очиход Монгол, Унгарын харилцаа унтаа байсан. Эндээс намайг явахад Ц.Элбэгдорж “Унгарт суух Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүс очсон байгаа. Унгар чухал улс. Бидний мах, цусны минь тасархай. Унгар, Монгол хоёр орны харилцааг зохих ёсонд нь миний хөгшин зохицуулж, сайжруулах хэрэгтэй байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай очиж уулз” гэж хэлсэн. Гадаад харилцааны яаман дээр очиход намайг томилох тушаал гарчихсан байсан. Ингээд Унгарт очиж ажилласан. Намайг очиход хоёр улсын эдийн засгийн харилцааны таваар эргэлт нэг сая долларын хэмжээтэй л байсан. Монголын таван оюутныг Засгийн газрын тэтгэлгээр сургадаг байв. Гурван оюутныг нь Унгарын Засгийн газрын тэтгэлгээр, хоёр оюутнаа Монголын Засгийн газар тэтгэлгээр сургадаг байлаа.

Би очсон даруйдаа боловсрол, шинжлэх ухаан, хоёр орны нийслэл хотын харилцааны асуу­далд анхаарал хандуулсан. Боловсролын салбарт гэхэд манай улсаас таван оюутан сургадаг байсныг өөрчилсөн. Унгарын Засгийн газраас 2013 онд шинээр “Stipendium Hungaricum” гэж хөтөлбөр баталсан юм. Хоёрдугаарт Ази руу чиглэсэн шинэ гадаад бодлого, үзэл баримтлал хэрэгжүүлж эхэлсэн. Би хамгийн түрүүнд хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу оюутан сургадаг байсныг болиулаад Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” хөтөлбөрт оюутнуудаа хамруулах хүсэлт өгсөн. Тэгээд Засгийн газрын хөтөлбөрт орох гэрээ хэлэлцээрийг бэлтгэж, Унгарын Засгийн газрын тэт­гэлгээр суралцах оюутны тоог 20 болгосон. Дараа жил нь 100 болсон. Хоёр жилийн дараа 200 оюутан Унгарын Засгийн газрын тэтгэлгээр сургадаг боллоо. Одоо энэ тэтгэлэг энэ хэвээрээ хэрэгжиж байгаа. Таван оюутан сургадаг байсныг 200 болгож чадсан.

-Таны бүрэн эрхийн хугацаа дуусаад ажлаа өгөв үү?

-Би Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан. Бүрэн эрхийн хугацаа дууссан ч намайг сайн ажилласан гэж үзээд гуравдугаар нарийн бичгийн даргаас дэвшүүлээд Элчин зөвлөхөөр томилон нэг жил ажиллууллаа. Унгарын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Монголыг хариуцсан хорооноос манай Гадаад харилцааны сайдын нэр дээр албан тоот ирүүлсэн байсан. Тус албан тоотдоо намайг хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргалаа гэж үнэлсэн. “Шинжлэх ухааны академиуд хооронд 1957 онд байгуулсан гэрээ нэг ч өөрчлөгдөөгүй. Тиймээс Монголоос магистр, доктор, профессорын түвшинд хүн бэлдэх ажил зогссон байсан. Энэ хүн ирж байж гэрээг шинэчилж өглөө. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж байгаа юм байна. Гэхдээ эргүүлж томилуулж, ажиллуулна уу” гэсэн хүсэлтийн дагуу Элчин зөвлөхөөр нэг жил томилогдон ажилласан.

-Танаас С.Зориг агсны хэргийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Та С.Зориг агсантай найз байсан. Түүнийг хөнөө­сөн хэргийг шалгаж, гурван хүнийг шүүхээс гэм буруутай гэж шийдвэр­лэсэн. Та шүүх үнэн зөв шийдсэн гэж үздэг үү?

-Би С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар 1998 оны аравдугаар сараас эхлүүлээд бүх зүйлийн талаар дуугарчихсан шүү дээ. Олон юм бодолгүй төрийн байгууллага нь шударга ажиллах ёстой.

    С.Зоригийн үхэл хэнд хэрэгтэй байсныг хөөх хэрэгтэй. С.Зориг амьд байсан бол Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь улсын баатар, хотын дарга болохгүй байх байсан. Өөрөөр С.Зоригийн үхэл хэнд ч хэрэггүй.

-Энэ хэрэгт Э.Бат-Үүл, Ц.Элбэг­дорж холбоотой гэж та яриад, таныг хуулийн байгуул­лага шалгаж, баривчлах ял оноож байсан?

-Би “С.Зоригийг хэн алсан, Оюутолгой, Тавантолгойг гадны­ханд өгөхдөө УИХ-ын гишүүд, хоёр намын удирдлага хахууль авах гэж байна. Нэг хүн гэхэд 1-2 сая ам.доллар хахуульд авч байна. Монголд хахуулийн хэмжээ улсын төсвөөс даваад явчихлаа” гэж хэлснийхээ төлөө шийтгэл хүртэж, шоронд суусан хүн. Гэтэл гарч ирсний дараа намайг цагаатгасан.

Шүүх хурал дээр МАН, АН-ын удирдлагууд оролцсон. Өөрөөр хэлбэл Засгийн газар, шүүх засаглалтайгаа тэр зааланд сууж байсан. Хамгийн сонин нь шүүх “Энэ олон эрх мэдэлтэй хүнийг гомдоосон нь хэн бэ” гэсэн чинь иргэн Д.Нинж. Шүүхээс “Д.Нинжээс хэдэн төгрөг нэхэмжлэх вэ” гэхэд хэдэн ч төгрөг авахгүй гэсэн. Хохиролтой гэсэн мөртөө мөнгө авахгүй гэдэг нь сонин байгаа биз дээ. Тийм л юм болсон. Хуулийнхан улс төрийн хүрээнийхэнтэй хэт хутгалдаад саарал ордноос өгсөн үүрэг даалгаврын дагуу намайг яллах гэж оролдсон нь үнэн. Тэр шүүхийн тогтоолыг нийтлэхэд бид онигоо болно. Удахгүй тэр тогтоол баруунд нийтлэгдэх гэж байна.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амга­ланбаатар нарын гурван хүнийг ялласан нь хэлмэгдүүлэлт гэж үзэх хүн олон байдаг?

-Хоорондоо авцалдаагүй юм их бий л дээ. Би эргэлздэг. Хэргийг шалгахдаа хэт яарсан юм уу гэж бодогддог. Энэ гурван хүн гэмт хэрэгтэн байлаа гэж бодоход хэн тэр гуравт захиалга өгсөн байх уу. Эргэлзээ төрүүлэх нэг зүйл бий. Шагдарын Отгонбилэг агсныг энэ хэрэгтэй холбогдуулж ярьдаг. Шо /Ш.Отгонбилэг/ бид хоёр хожуу дотны найзууд байсан. Ш.Отгонбилэг агсан амьддаа “Би ардчилал гэж хашхираад байгаа нөхдүүд дотор С.Зориг та хоёрыг үнэлдэг. Та хоёртой гайгүй харьцаатай. Би та хоёрын толгой, чадварыг үнэлдэг” гэж байсан. Тэгж хүндэлж байсан хүнээ алах уу. Тэгэхээр би эргэлзээ төрөөд явчихдаг.

-Энэ хэрэгт Б.Булганыг холбогдуулан удаан хугацаанд шалгасан ч сүүлдээ гэрч болсон. Гэхдээ шүүх хуралд ч оруулаагүй болохоор сонин санагддаг л даа?

-Болсон явдлыг мэдэх хүн нь Б.Булган. Э.Бат-Үүл мөн. Тэр орой юу болсныг тэр эмэгтэй хэлэх цаг нь болсон.

-Б.Бат-Үүлийг хэргийн газар байсан гэж үзэж байна уу?

-Малгай яагаад гэрт нь байсан юм бэ. Малгай бүх зүйлийг хэлээд өгчихөөд байгаа шүү дээ. Ер нь С.Зориг, Б.Булган хоёрыг танил­цуулсан хүн нь Э.Бат-Үүл өөрөө шүү дээ. Хуулийн байгууллага нь хийдэг ажлаа хийх ёстой.

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ