Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр  хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг хэлэв. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.  

Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцэж байна. Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм. Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргах юм байна.

 

 

Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ. Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ