1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг ЗГ-т өглөө
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр/2019.12.11/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллийг сонсчээ. Хурлаар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай иргэдийн хүсэлтийг хэлэлцжээ. Ингээд Байнгын хорооноос Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн байна.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн тэрбум 212 сая ширхэг хувьцааг 2,5 сая иргэн эзэмшдэг юм. 2018 онд тус компанийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.Эндээс иргэн бүрт ногдол ашиг хуваарилах боломжтой гэж үзсэн байдаг. Гэвч компанийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гарсан ногдол ашиг хуваарилах тогтоолыг хүчингүй болгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ